Мөнх цаст Их Богд уул

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-07-15 14:39:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, Баянхонгор аймгийн нутагт орших мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн.

Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, нуур, дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад, вансэмбэрүү, алтангагнуур, лидэр зэрэг эмийн ургамлуудыг тэнд үзэж болно.

Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ “Хөх нуур”, “Ногоон нуур” нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон нь гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг. Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг юм.


Их говийн дархан газар, байгалийн сонин тогтоц олонтой. Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн. Хулан, хавтгай, аргаль, янгир, тэр ч байтугай Монголын улаан номд бичигдсэн олон олон ан амьтад бий.

Их Богд уулын орчмын ургамал, уур амысгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөний улмаас устах буюу дүрвэн ховордож байгаа аргал, янгир, ирвэс болон бусад амьтдыг тусгайлан хамгаалах зорилгоор Жинст, Богд, Баянлиг, Баянговь сумын хил зааг орчмын 262.856 га талбайг УИХ-ын 2008 оны 05 тоот тогтоолоор Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Холбоотой мэдээ