Улаанбаатар-Дарханы замын засвар, шинэчлэлийн ажил маргаашнаас эхэлнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-07-15 13:34:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байна.

 

Үүнтэй холбогдуулан маргаашнаас буюу энэ сарын 15-ны даваа гарагаас эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж байна. Ингэхдээ автомашины хөдөлгөөн болон тээвэрлэлтийг түр замаар зохицуулахаар болжээ.

Автозамыг шинэчлэхдээ Улаанбаатараас Дарханы чиглэлд нийт 15 цэгт хэсэгчлэн хаах юм. Тодруулбал, дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаах аж.


Иймд иргэд жолооч нар баруун зүгт зорчихдоо хот дотор “Таван шар-Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр барьсан түр зам руу нийлнэ. Түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ын гарамын орчим Баруун туруунд хүрнэ.


Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгсэл 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ. Иймд тус чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөн хаасан тухайн хэсэгт авто зам дагуух түр замаар хөдөлгөөнд оролцож, бусад хэсэгт үндсэн замаар явах юм. Зорчигч иргэд, жолооч нар дээрх чиглэлд зорчихдоо баталсан замын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тээвэрлэлт хийхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Үүний өмнө Улаанбаатар-Дарханы замыг үеэр усны аюлаас сэргийлж түр хаагаад байсан юм.

Холбоотой мэдээ