Ямаан усны хадны сүг зураг 100 гаруй метр холоос тод харагдана

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-16 11:29:25

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Үенч, Алтай сумын зааг нутагт Ямаан усны хавцал оршдог. Уг хавцал хоёр талаасаа эгц цавчим ханан хясаагаар хашигдсан давчуу бөгөөд зүүн талын ханан хаданд хүн төрөлхтний өв соёлд үнэтэй байр суурь эзлэх хэдэн зуун хадны сүг зураг байдаг. 

Анх 1973 онд Ховд, Говь-Алтай аймагт ажилласан бичиг үсэг, хадны зураг судлах анги Ямаан-Усны хавцал дахь Ханан хаднаас түрэг бичээс илрүүлжээ. Монголын нутагт 22 газарт түрэг бичээс байгаагийн нэг нь энд бий.

Энэхүү хавцал нь хоёр талаасаа эгц хадан ханаар хашигдсан. Дундуур нь горхи урсдаг. Харин уг горхиноос янгир, ямаа ундаалдаг учраас Ямаан ус гэж нэрлэх болжээ. 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөр өөр үед холбогдох зургуудыг нэлээд гүн хонхойлон сийлсэн нь 100 гаруй метрийн холоос маш тод харагдана. Ямаан-Усны хадны зургийг нийт 4 хэсэг талбайд зуржээ.

Ямаан-Усны хадны зураг нь зохиомж, харьцаа, хэллэг гүйцэтгэлээрээ Монголын хүрлийн үед холбогдох хадны  зургуудын дотор чухал байр эзэлдэг. 

Хавцлын хананд янгир, буга, зээр, бөхөн, чоно зэрэг амьтад, найман хигээс дугуйтай морин тэргэнд суусан хүн, нум сум агссан анчид, нум сум харваж байгаа хүний араас сүх далайн цохих гэж буй дайн тулааны шинжтэй дүрслэл зургууд байна. Энэхүү зурагнаас Монгол нутагт язгууртнууд морин тэрэг хэрэглэж байсан гэдгийг нотлох боломж гарчээ.

Мөн тэрэгний урд замчилж хөтөлсөн зэвсэгтэй хүн, ард нь морьтой дагасан хүний дүрслэл байгаа тул эрт үеийн язгууртнуудын эрх ямбыг илэрхийлсэн хэмээн үздэг. 


Холбоотой мэдээ