Туркийн эсрэг авах хориг арга хэмжээг баталжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-07-16 11:11:18

МОСКВА. /RIA Novosti/. Кипр улсын эдийн засгийн онцгой бүсэд нүүрс устөрөгчийн орд газрын хайгуулын ажил явуулж буйтай холбоотойгоор Туркийн эсрэг авах хориг арга хэмжээг Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэргийн сайд нар баталжээ. Энэ тухай Германы “Focus” сэтгүүл сайд нарын баталсан баримт бичгээс иш татан уламжилсан байна.


Тодруулбал, ЕХ-ны Зөвлөл Анкаратай өндөр түвшинд яриа хэлэлцээ хийхээс татгалзаж, холбооны зөвлөлийн хуралдааныг цуцалжээ. Үүнээс гадна, Туркт явуулж буй зээлийн үйл ажиллагааг дахин хянах болон Анкарад үзүүлэх санхүүгийн тусламжийг багасгахыг ЕХ-ны Зөвлөлөөс Европын хөрөнгө оруулалтын банканд зөвлөсөн байна. Түүнчлэн Туркийн эсрэг тогтоох хязгаарлалтын арга хэмжээний бусад хувилбарыг боловсруулахыг зөвлөмж болгожээ.


“Focus” сэтгүүлд мэдээлснээр, хэрэв Туркийн тал байр сууриа өөрчлөхгүй хэвээр байвал ЕХ мөн орд газрын хайгуулын ажилд оролцож байгаа компаниуд эсвэл хувь хүмүүст хориг арга хэмжээ авч болзошгүй байна.


"Фатих", "Явуз" гэсэн Туркийн өрөмдлөгийн хоёр төхөөрөмж Киприйн эдийн засгийн онцгой бүсэд өрөмдлөг хийж байгаа юм. Хийн орд илэрсэн уг бүсэд Туркийн өрөмдлөгийн хөлөг онгоц геологийн хайгуул хийж байгаа явдлыг Грек болон Киприйн эрх баригчид өдөөн хатгасан үйлдэл гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Харин Туркийн эрх баригчид бүс нутаг дахь байгалийн баялгийг эзэмших эрхтэй гэдгээ мэдэгджээ.


Холбоотой мэдээ