Туркт бүтэлгүйтсэн төрийн эргэлтэд зориулж музей нээжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-07-16 12:54:47

АНКАРА. /Anadolu/. Туркт 2016 оны долдугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хийхийг оролдсон боловч бүтэлгүйтсэн төрийн эргэлтэд зориулж, Истанбул хотноо дурсгалын музей нээлээ. Уг музейг нээх ёслолын ажиллагаанд Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган оролцжээ.  


Музейг Истанбул хотын Азийн хэсэгт Босфорын хоолой дээгүүрх гүүрэн дээр нээсэн байна. Үзэсгэлэнгийн танхим 500 хавтгай дөрвөлжин метр бөгөөд энд танк, машинуудад дайруулж амиа алдсан иргэдийн хувийн эд зүйлс, төрийн эргэлт хийх оролдлогын талаарх баримтууд, дүрс бичлэгүүдийг дэлгэжээ. Музейн гол үзмэрүүдийн нэг бол төрийн эргэлт хийхийг оролдсон шөнө Эрдоганы ард түмэндээ хандаж үг хэлэхдээ ашигласан утас юм. Музейд мөн дэлхийн улс орнуудад гарч байсан төрийн эргэлтүүдийн түүх болон колоничлолын бодлогыг харуулсан үзмэрүүдийг дэлгэх ажээ.


“Төрийн эргэлтийг таслан зогсоосон явдал бол ардчиллын төлөөх бидний тэмцлийн шийдвэрлэх эргэлтийн мөчүүдийн нэг байлаа. Гартаа зэвсэг агссан хүмүүсийг эсэргүүцсэн баатруудаа бид хэрхэн мартаж чадах билээ? Тэр шөнө амиа алдсан 251 хүн бүр өөрийн гэсэн түүхтэй байсан бөгөөд бидний үүрэг бол тэдний дурсгалыг хүндэтгэн хадгалах юм. Өнөөдөр бид долдугаар сарын 15-нд болсон үйл явдалд зориулж музей нээж байна. Манай урлагийн салбарынхан бас тэр өдөр болсон үйл явдлыг дурсахын тулд роман, кино, хөгжим, уран зураг гээд өөрсдийн бүтээлүүдийг туурвих болно” гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган музейг нээх ёслол ажиллагааны үеэр үг хэлэхдээ мэдэгджээ. Нээлтийн ёслолын ажиллагааны дараа Туркийн Ерөнхийлөгч музейн үзмэрүүдийг үзэж сонирхсон байна.


2016 оны долдугаар сарын 16-нд шилжих шөнө хэсэг бүлэг босогч Туркт цэргийн эргэлт хийхийг оролдсон юм. Гол мөргөлдөөн Анкара болон Истанбул хотод болсон бөгөөд 250 гаруй иргэн амиа алдаж, 2000 гаруй хүн шархаджээ. Төрийн эргэлт хийх оролдлогын дараа Туркт 50 гаруй хүнийг баривчилж, цэргийнхнийг оруулаад 160 мянга гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь халсан юм. 


Төрийн эргэлт хийх оролдлогыг удирдан зохион байгуулсан гэж Туркийн эрх баригчид сөрөг хүчний лалын шашны номлогч Фетхуллах Гюленийг буруутгадаг. Харин АНУ-д байгаа Гюлен төрийн эргэлтийг буруушаагаад өөрийг нь буруутгасныг няцаасан юм.


Холбоотой мэдээ