Элчин сайд Калибек Кобландиныг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-08-16 16:39:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калибек Кобландиныг үүрэгт ажил нь дуусгавар болж, нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд Калибек Кобландины оруулсан хучин зүтгэл ихээхэн байгааг онцлон тэмдэглээд, Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнуулсанд Элчин сайдад баяр хүргэв.


Улаанбаатар-Нур-Султаны чиглэлийн шууд нислэг 2019 оны 6 дугаар сараас үйлдэж эхэлсэн бөгөөд чингэснээр иргэд хоорондын солилцоо нэмэгдэж, улмаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гарна гэж итгэж буйгаа манай тал нотлов.


Элчин сайд К.И.Кобландин Монгол Улсад ажиллах хугацаанд нь ГХЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд талархаж, Монгол, Казахстаны найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ