ЕТГ-ын дарга З.Энхболд "Оюутан цэрэг" сургалттай танилцлаа

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-16 19:01:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗХЖШ, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/ хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалттай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр танилцлаа.



Цэргийн насны залуусын хуулиар хүлээсэн цэргийн алба хаах иргэний үүргээ биелүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлигаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Улмаар 2016 оны есдүгээр сарын 1-нд УИХ-аас баталсан “Цэргийн албаны тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Оюутан цэрэг” хөтөлбөрийг тусгаж, эрх зүйн орчин нь тодорхой болсноор өдгөө цэргийн албаны шинэ төрөл болон хэрэгжих нөхцөл бүрджээ. Энэ хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуульд суралцаж буй 5500 орчим залуу сургалтад хамрагдаж, дайчилгааны нөөц, нэгдүгээр зэргийн үүрэгтэн болсон байна.


Энэ жилийн хувьд “Оюутан цэрэг” сургалтад орон даяар 1000 орчим оюутныг сонгон авснаас нийслэлийн 60 гаруй их, дээд сургуулийн 700 орчим оюутан ҮБХИС-ийн Хээрийн сургалтын төвд хээрийн бэлтгэлд гарчээ. Харин орон нутгийн их, дээд сургуулийн оюутнууд Ховд, Орхон, Өвөрхангай, Дорнод аймгийн нутагт буй цэргийн ангиудыг түшиглэн хээрийн бэлтгэл сургалтад хамрагдсан байна.



2014 онд анхны “Оюутан цэрэг” сургалтаар 500 оюутныг буудагч мэргэжлээр сургаж байсан бол сургалтын хөтөлбөрийн чанар, цар хүрээ жил бүр өргөжин тэлсээр энэ жилийн оюутан цэргүүд буудагч, пулемётчин, грантомётчин, инженерийн тагнуулчин-байлдагч, химичин-ариутгагч-байлдагч, химичин-тагнуулчин-байлдагч, артиллерийн тагнуулчин-байлдагч, артиллерийн тооцоочин-байлдагч, радиотелефончин-байлдагч, холбооны-хянагч-байлдагч, ариун цэврийн зааварлагч-байлдагч зэрэг 11 бага мэргэжлийг эзэмшээд байна.


Их, дээд сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа “Оюутан цэрэг” сургалтад хамрагдсанаар, Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэх, улс орны батлан хамгаалах чадвар сайжрах, их, дээд сургуулийн төгсөгчид төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэх зэрэг чухал үр дүн гардаг. Мөн хугацаат цэргийн албатай харьцуулахад “Оюутан цэрэг” сургалт нь нэг цэргийн жилийн зардлыг гурав дахин багасгаснаараа эдийн засгийн хэмнэлт дагуулж байгаа юм.



Сургалтад хамрагдсан оюутнууд хичээл сурлагын ахиц үзүүлж, цэрэг эх оронч үзэлтэй, ёс суртахууны зөв төлөвшилтэй болж, бие бялдар, эрүүл мэндийн хувьд сайжирдаг байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг ҮБХИС-ийн Хээрийн сургалтын төвд ажиллах үеэр, оюутан цэргүүд энэ талаар ярьж, сургалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.


Оюутан цэргүүдийн тав тухыг хангах, сайжруулахын тулд 2018 онд Хээрийн сургалтын төвд цэргийн байр барих дэд бүтцийн асуудлыг шийдэж, олон улсын жишигт нийцсэн байр барьсан байна. Харин энэ жил цэргийн байрыг өргөтгөн, нэмж 7 байр барьснаар тус төв нь 1000 хүний багтаамжтай болжээ. Ирэх жилийн сургалтаас өмнө Хээрийн сургалтын төвд буудлагын иж бүрэн талбай ашиглалтад орох юм байна.



“Оюутан цэрэг” сургалттай танилцах үеэр ЕТГ-ын дарга З.Энхболд оюутан цэргүүдэд хандан, “Албаа сайн хааж, маргааш тангарагаа өргөөд, есдүгээр сарын 1-нд хичээлдээ орж, сурлагын амжилт гаргахыг оюутнуудад хүсье. Энд өнгөрүүлсэн дөрвөн сар та бүхний амьдралдаа өнгөрүүлсэн хамгийн үр дүнтэй, цэгцтэй, үр ашигтай дөрвөн сар болно гэдэгт итгээрэй. Удахгүй мэдрэх байх. Энэ ажлыг санаачилж, амжилттай хэрэгжүүлж яваа хүмүүст баяр хүргэж, амжилт хүсье. Сургалтад оролцож буй оюутны тоог нэмэх, хамрагдахыг хүссэн оюутан бүрт боломж олгох нь зүйтэй гэж үзэж байна. Одоо батлагдсан төсвөөр 1000 орчим оюутан цэргийг сургаж байгаа бол энэ тоог хоёр, гурав дахин нэмэх хэрэгцээ байна гэж харж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ