Иргэдийг хямд үнээр зорчих боломжийг аймгаас бодлогоор дэмжинэ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-08-21 11:16:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд Арвайхээр хотын өнгө үзэмжийг сайжруулах, ард иргэдийн ая тухтай амьдарч, ажиллах боломж нөхцөлийг хангасан олон ажил хийж байна.

Тухайлбал, оршин суугчдын аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, 13 багт 120 цамхагт гэрлийг “Арвайхээр тохижилт” ОНӨААТҮГ хариуцан суурилуулж эхлээд байна. Мөн иргэдэд стандартын шаардлага хангасан нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үүднээс 21 цэгт автобусны буудал шинээр барьж эхлээд байгаа ба 25 хүний суудалтай дунд оврын дөрвөн автобусыг орон нутгийн төсвөөр худалдаж аваад байгаа аж. Иргэдийг хямд үнээр зорчих боломжийг аймгаас бодлогоор дэмжиж, бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн 25 метрийн урттай 5 сэлэлтийн зам бүхий усан спортын цогцолборыг барихаар шав тавьжээ. Тус цогцолбор ашиглалтад орсноор иргэдэд чөлөөт цагаа үр өгөөжтэй өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдраа хөгжүүлэх, энэ чиглэлийн спортын төрлүүдээр хичээллэх бодит боломж нээгдэнэ. 

Холбоотой мэдээ