Тарваганы байршил бүхий сумдад хяналт шалгалтын пост, эргүүл ажиллаж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-21 16:06:05

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд тарваганы тархац нутаг эрчимтэй хумигдаж, тоо толгой цөөрч байгааТиймээс тарвагыг хамгаалах, зохих зөвшөөрөлгүй агнах, барихыг хориглох, улмаар иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, сумдын ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулж, тарваганы байршил бүхий нутагт хууль бусаар ан, амьтан агнаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, эрсдэлтэй 10 гаруй цэгт  пост, эргүүл гаргажээ. 

Мөн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны А\176 дугаар захирамжийн дагуу мэргэжлийн байгууллагууд Ховд аймгаас Улаанбаатар хот чиглэлд автобусны зорчигчдын ачаа тээшид өдөр бүр үзлэг хийж, иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэн ажиллаж байна гэнэ.  
Одоогоор хот хооронд тарвагыг нууцаар тээвэрлэсэн нэг, орон нутагт зөвшөөрөлгүй агнасан нэг зөрчил  илрүүлж, Зөрчлийн хуулийн дагуу шалгах ажиллагаа зохион байгуулж, шийдвэрлэжээ.

Зөрчлийн тухай хуульд гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг ашигласан, барьсан, агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 150 мянга, хуулийн этгээдийг 1 сая 500 мянган төгрөгөөр торгож, амьтны аймагт учруулсан хохирлыг амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж нөхөн төлүүлнэ гэж заасан аж. 

 

Холбоотой мэдээ