Нурмагомедов “UFC”-гийн чансаанд хоёрдугаарт бичигджээ

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-08-21 14:49:23

МОСКВА. /TASS/. Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн үнэмлэхүй аварга Хабиб Нурмагомедов тус холбооны шинэчилсэн жагсаалтад байраа ахиулж, жингийн ангиллаас үл хамааран хоёрдугаарт бичигджээ.


“UFC”-гийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Нурмагомедов Америкийн тулаанч Даниэль Кормьег нэгдүгээр байраас ухарч, долдугаарт бичигдсэний дараа жагсаалтын хоёрдугаарт орсон байна. Кормье өнгөрөгч ням гарагт нутаг нэгт Стипе Миочичтэй хийсэн тулааны дөрөвдүгээр үед хүнд цохилтоор ялагдаж, “UFC”-гийн хүнд жингийн аваргын бүсээ алдсан юм. Өдгөө 40 настай Кормье 22 удаа ялж, хоёр удаа ялагдсан байна.


Жагсаалтын нэгдүгээрт хагас хүнд жингийн аваргын бүсийг эзэмшигч Америкийн тулаанч Жон Жонс бичигдсэн бол Миочич дөрөвдүгээрт оржээ. Нурмагомедовын дараагийн өрсөлдөгч болох Америкийн тамирчин Дастин Порье наймдугаар бичигдсэн байна. Жингийн хоёр ангилалд “UFC”-гийн аваргын цолыг эзэмшиж байсан Ирландын тамирчин Конор Макгрегор 13 дугаарт оржээ.


Жагсаалтын шилдэг 15-д гурван эмэгтэй тулаанч багтсан нь хэт хөнгөн болон хагас хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшигч Бразилын тамирчин Аманда Нуньес /тавдугаарт/, хэт хөнгөн жингийн аварга Валентина Шевченко /12 дугаарт/, Бразилын тамирчин Жессика Андраде /15 дугаарт/ нар юм.


Холбоотой мэдээ