Гаршуулсан бүргэдээ тарваганы махаар тэжээхгүй байхыг анхаарууллаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-21 17:27:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төв ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хил орчмын бүс нутгийн тарваган тахлын голомтын төлөв байдал, эрсдэлийг тогтоох тандалт судалгаагаа саяхан дуусгажээ.

2017-2019 оны хооронд гурван жил явуулсан уг тандалт судалгаанд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын онцгой болон хязгаарлалтын бүсийн 24 цэгт газар хамрагдсан байна. Судалгааны дүнгээр Ногооннуур, Улаанхус, Бугат сум, Цагааннуур тосгоны нутаг дэвсгэрээс 2017 онд найм, 2018 онд 47, 2019 онд 30 өсгөвөр илэрч, тус бүс нутагт мэрэгч амьтдын дунд тарваган тахлын эпизоот хүчтэй явагдаж голомт идэвхтэй байгаа нь тогтоогджээ.   

"Манай нөөц боломжоор 30 жилийн хугацаанд хийх судалгааг ОХУ-ын холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч тэдний тоног төхөөрөмжид тулгуурлан гурван жилийн дотор амжилттай хийж дуусгаад байна. Тус аймагт тарваган тахлын байгалийн голомт онц идэвхтэй, хүн өвчлөх магадлал өндөр байгаа нь батлагдсан. Үүнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, одоогоор Өлгий сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд, Алтай, Бугат сумын Эрүүл мэндийн төвүүдэд тарваган тахал өвчний сэжиг илэрсэн тохиолдолд хэрхэн ажиллах бэлтгэл ажилтай нь танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна" хэмээн аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн биологич К.Аягөз хэллээ.

Сүүлийн үед тарваган тахлын голомт онц идэвхтэй бүс нутаг буюу Алтай Таванбогд чиглэлд аялах гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдсэн тул бүх түвшинд урьдчилан сэргийлэх ажилд анхаарах шаардлагатай байна. Мөн орон нутгийн иргэд гаршуулсан бүргэдээ тарваганы махаар тэжээх явдал тасрахгүй байгаа юм. Тарваган тахал өвчнөөр таван хошуу мал дотор тэмээ өвчилдөг тул тэмээний мах, сүү, түүнээс гаралтай цагаан идээг болгоомжтой хэрэглэж сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэдгийг тэрээр онцоллоо.  

Холбоотой мэдээ