Н.Лхамсүрэн: Тэсийн гол байгалийн унаган төрхөөрөө байгаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-08-21 21:28:18

   Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны түүхт 25 жилийн ойн баяр ирэх 9-р сарын эхээр Улаангом хотноо болох гэж байна. Энэхүү баярыг угтаж тус Хамгаалалтын захиргааны Судалгаа шинжилгээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Намдагийн Лхамсүрэнтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Та хэдийнээс Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанд ажиллах болсон бэ?

-Би 1994 онд МУИС-ийг биологич, амьтан судлаач мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд жил орчим мэргэжлээрээ ажиллаж байгаад хувийн салбар руу орсон. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанд 2012 оноос хойш буюу 7 дахь жилдээ ажиллаж байна. Миний ажил бол тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа ан амьтан, ургамал, биологийн бүх төрөл зүйлүүдийг судлах чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн төрөл зүйл цөөрч устаж байна уу, тоо толгой нь өсч үржиж байна уу гэдгийг судалж, түүнд таарсан хамгаалалтын менежментийг боловсруулж ажилладаг мэргэжилтэн байгаа юм. Жилдээ 15 орчим судалгааг төлөвлөөд тусгай хамгаалалттай газрууддаа тус бүрт нь хийж ирсэн.

-Манай нутагт ховор ан амьтад өсч үржиж байна уу, аль эсвэл устаж цөөрч байгаа юу?  

-Манай сав газарт цоохор ирвэс, Төв Азийн минж, голын халиу гээд нэн ховор зүйлийн гурван төрлийн амьтан амьдардаг. Эдгээр амьтдын амьдрах орчинд ямар аюул дарамт байна, түүний тоо толгой хэрхэн өөрчлөгдөж байна, байршлаа өөрчилж байна уу, үгүй юу гэдгийг бид жил бүр судалж гаргадаг. Бидний судалгаагаар Төв Азийн минж гэхэд тогтмол өсөлт харуулж байгаа. Мөн янгир ямаа, ирвэс ч өсч байна. Байгаль хамгаалагч нар сар бүр дээж талбайгаар явж судалгаа шинжилгээ хийх ёстой. Хамгаалалтын захиргаанаас өгсөн хүснэгтийн дагуу мэдээллээ нэгтгээд сар бүр ирж Био санд мэдээлэл өгдөг юм. Жилийн эцэст нэгдсэн тайлан гардаг бөгөөд эндээс байгаль хамгаалагчийн жилийн ажлыг дүгнэж болдог.

Хамгаалалтын захиргааныхан маань ОХУ-ын Тува улсын дархан цаазат газрын хамт олонтой хамтарч ажилладаг. Тувагаас мэргэжилтэн ирээд манай хэсгээр явж болдог, харин манай хүмүүс ОХУ-ын Тувагийн хэсгээр дагаад явах болохоор заавал Москвагаас зөвшөөрөл авдаг нэг тийм хүндрэлтэй асуудал байгаа. Үүнийг судалж, нааштайгаар шийдвэрлэхээр холбогдох хүмүүс нь ажиллаж байна.

-Увс нуурын ай саваас олдсон нэн ховор зүйлийн ан амьтан сүүлийн үед бүртгэгдсэн үү?  

-1991 онд би 1-р курсийн оюутан байхдаа Сибирийн шивэр гүлмэр гэдэг амьтныг Тэсийн голоос олж Улаанбаатарт аваачиж байлаа. Энэ нь дэлхийн хамгийн хойшоо түрсэн хэсгээс олдсон, бас дээр нь баруун Монголын хамгийн анхны  хоёр нутагтан сүүлтэн амьтан байгаа юм. 2012 онд энэ ажилд орсныхоо дараагаас эхлээд дахиад энэ амьтныг эрж хайсны эцэст 2014 онд Тэсийн голоос олж байлаа. Одоо бол Сибирийн шивэр гүлмэрийн судалгааг жил бүр хийж байна. Түүний амьдарч байгаа газрыг мөнх цэвдэгтэй газар гэж үздэг. Дэлхийн дулааралд өртөөгүй, унаган төрхөөрөө байгаа газарт энэ амьтан амьдардаг. Голын халиугийн тархац газрыг бас илрүүлсэн бөгөөд энэ амьтан нь цэнгэг устай газарт буюу Тэсийн голд амьдардаг. Тэгэхээр Тэсийн гол харьцангуй цэнгэг устай, унаган төрхөөрөө байгаа газар нутаг гэж дүгнэж болно.

-Таны гавьяа шагнал гэвэл?

-“Байгаль орчны тэргүүний ажилтан”, Байгаль орчны яамны “Хүндэт жуух бичиг”, Аймгийн алдарт уяач гэх мэт шагналтай. Энэ дашрамд байгууллагынхаа хамт олон болон тэдний гэр бүлд 25 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ