"Өндгөн толгойт" кино үзэгчдийг инээдээр эмчилнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-08-23 17:02:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуу уран бүтээлч У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нарын хамтарсан дэлгэцийн хоёр дахь бүтээл “Өндгөн Толгойт” уран сайхны киноны нээлт өчигдөр "Өргөө" кино театрт боллоо. 


Киноны нээлтэд олны танил уран бүтээлчдээс гадна жүжигчдийн гэр бүл, найз нөхөд, үзэгч дэмжигчид  оролцов. Тэдний анхны кино “Bad Angel”   кино фестивальд өрсөлдсөнөөс гадна, сүүлийн хоёр жилд хийсэн монгол кинонуудаас үзэгчдийн тоогоор гуравт шалгарчээ. Япон, БНСУ-д амьдарч байгаа монголчууд ч киног үнэлжээ. 

“Өндгөн толгойт” кинонд манай улсад тулгамдаад байгаа элэгний хорт хавдрын асуудлыг хөндөж, энэ өвчнөөр шаналж байгаа хүмүүст итгэл өгч,  өвчнөө ялахад нь дэм  өгөхийг зорьжээ. Цогтоо, Жижгээ буюу  У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нар  кинондоо өөрсдөө тоглосон байна. 

Киноны найруулагчаар Ц.Амартүвшин ажиллаж, гол дүрд У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн, Г.Алтаншагай нар тогложээ. Гол дүр болох Жижгээ, Цогтоо хоёр кино урлагийн дээд сургуульд анх танилцаж, түүнээс хойш  ах дүү мэт болж хамтдаа уран бүтээл хийнэ. Жүжигчний карьер нь дөнгөж эхэлж байхад Жижгээ хорт хавдар тусаж хүнд цохилтод орно. Цогтоо ахдаа туслахын тулд өөрийн чадах бүх аргаа хэрэглэнэ. Жижгээ өвчнөө эдгээх донор хайж, хамаатны ах Нямбууг донороо болгох санал тавьснаар  ээдрээтэй асуудлуудтай тулгарна. Киноноос та эцсийн зангилааг нь тайлаарай.



Холбоотой мэдээ