Д.Балдан-Очир: Үндсэн хууль мөрдөхөд төрт ёсны соёл дутаж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-23 11:44:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 72 дугаар тогтоолоор 62 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн төсөл, саналыг тусгах үүрэг бүхий зөвшилцлийн ажлын баг байгуулсан. Тус ажлын баг олон талын оролцоотой таван салбар хэлэлцүүлэг Төрийн ордноо өнгөрсөн сарын 22-25-нд өрнүүлсэн юм. Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл энэ долоо хоногт зөвшилцөж байна. Олон нийтийн анхаарлыг татаад буй зарим санал, зохицуулалтын талаар АИХ-ын депутат асан, УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очиртой ярилцлаа.  


-Та 1992 онд Үндсэн хуулийг анх батлалцаж байсан хүний хувьд, энэ хууль хэр зэрэг үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг вэ?

-1990-1992 оны Улсын бага хурал Үндсэн хуулийн суурь дэвсгэрийг боловсруулж, ард түмний дунд гурван удаа хэлэлцүүлэг өрнүүлсэн. Улмаар 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Ардын их хурал хуулийн төслийг баталсан түүхтэй. Энэ Үндсэн хуулиа би байнга эргэж хардаг. Тухайн үед би 25 настай байсан. 1992 оны шинэ Үндсэн хууль бол миний насан туршдаа бахархах, төрсөн хүүхэд шиг л зүйл юм. Ер нь улс орны сайн сайхан орших гол хүчин зүйл нь Үндсэн хууль хэрхэн хэрэгжихээс хамаарна. Улс орны амьдрал уруудаад байгаа зүйл огт байхгүй юм. Харин энэ Үндсэн хуулийг мөрдөж байгаа бидэнд ёс суртахуун, төрт ёсны соёл дутаад байна. Цаашид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталсны дараа сонгуулиар ард түмний санал худалдаж авах зэрэг ёс суртахууны доголдол гаргасаар байвал Үндсэн хууль амьгүй цаас л болно. 1992 оны Үндсэн хуулиар, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрч, түүний баталгааг хангах үүргийг төр хариуцах болсон. Нэг ёсондоо, олон ургалч үзлийг нийгмийн оюун санааны эх үндэс болгосон юм. 


-Үндсэн хуулийг 1992 онд батлахдаа байгалийн баялгийг төрийн өмч гэж тодорхойлсон. Олон нийт энэ зохицуулалтыг өөрчилж, ард түмний, нийтийн өмч гэж тодорхойлох хэрэгтэй гэж үзээд байна?

-Үндсэн хууль баталж байсан тэр 76 хоногийн 30 гаруйд нь зургаадугаар зүйл буюу газрын харилцааны асуудлыг хэлэлцсэн. Газар, ард түмэн нийлж төр улсын тусгаар тогтнол оршин тогтнох учиртай. Тиймээс газрын харилцааны асуудалд нэлээд хариуцлагатай ажилласан. Өмчийн харилцаа төлөвшөөгүй байсан тухайн үед гишүүдийн нэг хэсэг нь газрыг ард түмэнд цэнхэр, ягаан, ногоон тасалбар шиг хувьчлуулна гэж байсан юм. Миний санаачилгаар, ШУА-ийн Түүх, археологийн судалгааны хүрээлэнгийн Ш.Жамц, н.Сүхбаатар тэргүүтэй академич, эрдэмтэн судлаачдыг авчирч, Монголын түүхэнд газрын харилцааны асуудалд хэрхэн хандаж байсан талаар АИХ-ын 430 депутаттай хэлэлцүүлэг ч өрнүүлж байлаа. Эцэстээ Үндсэн хуулийн өнөөгийн заалт буюу Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар болоод байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн өмч гэсэн зохицуулалт оруулсан. Ингэснээр, ард түмэн өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох УИХ-ын гишүүдээр дамжуулж байгалийн баялгаа зохицуулах болсон. Байгалийн баялгийг хэсэг бүлэг гэр бүл үнэгүйдүүлж, эзэмшиж байна гэж ярьдаг. Уг нь төр өмчөө ашиглуулахдаа ард түмэнд ашигтай, зохих нөхцөл, болзолтой гэрээ байгуулах ёстой. Гэтэл энэ харилцаа төлөвшөөгүй байгаагаас, одоо Үндсэн хуульд алдаа байгаа мэт харагдаж байна. Тиймээс санаагаа улам тодотгоод ард нийтийн өмч гэж тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр уул уурхайн ашигт малтмал, байгалийн баялаг нь зөвхөн сайд, дарга нарын мэддэг зүйл биш болно. Тодруулбал, уул уурхайн компанийн байгалийн баялгийг ашиглахтай холбоотой асуудал хөндөгдөх үед малчин, сэхээтэн, багш, эмч хэн ч бай энэ миний өмч гэж хяналт тавих эрхтэй болох юм.

Монголд хоёр төрлийн өмч бий. Хувийн болон нийтийн өмч. Амины өмчийг хувийн өмч гэж тодорхойлно. Харин нийтийн өмч дотор төрийн, олон нийтийн байгууллагын, шашны өмч гэж задардаг. Тэгэхээр төрийн өмчийг нь нийтийн өмч болгоод өөрчлөх нь зөв юм.


-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналд баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд, гарах зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцах бөгөөд татварын дараах ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно гэсэн байсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг түлхэх эрсдэлтэй гэж зарим хүмүүс ярьж байна?

-Энэ асуудалд нухацтай хандах ёстой. Дэлхийн нийтээр байгалийн баялгийг ашиглах нь багасаж байна. Ирээдүйд уул уурхайн салбар их хэмжээний ашиг олохоо больж магадгүй юм. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчид эрсдэлтэй салбарт, хатуу нөхцөлтэйгөөр орохыг хүсэхгүй.


-Олон нийт баялгийн сан байгуулах саналыг дэмжиж байна. Түүнийг хэрхэн зарцуулах хэрэгтэй вэ?

-Энэ асуудал сүүлийн 10-аад жил яригдаж байгаа. Байгалийн баялаг 30 гэр бүлд төвлөрсөн гэдэг үнэн. Төрөөс лиценз олгосон болохоос өмчилж авсан гэсэн үг биш. Тиймээс энэ Ерөнхийлөгчийн төсөл, саналд орж ирсэн санаа нь байгалийн баялгийг зохих нөхцөлтэйгөөр ашиглаад, татварыг нь үнэн зөв төлөөд, үлдсэн мөнгөөрөө бизнесээ явуул гэж байгаа юм. Тэгэхээр Үндсэн хууль болон салбар хуулийн зохицуулалтаар ард түмний өмчийг хэн, яаж ашиглаад, хэдийг нь зарсан юм, хэчнээн төгрөг орсон бэ гэдгийг татварын шугамаар иргэд хянах том тогоотой байх хэрэгтэй. Ингээд нийгэмд хаана доголдол байна, нийгмийн эмзэг бүлэг хаана байна, тийшээ энэ баялгийг тарааж өгөх юм.  Ингэснээр, Үндсэн хуулиар хүн бүр эрүүл саруул, эрх тэгш эн чацуу амьдрах боломжийг хангаж, эрх мэдэлтэй нь нийтийн өмчийг цөлөмдөг байдлыг хаахад чухал үүрэгтэй.


-УИХ-ын гишүүний тоог нэмэх тал дээр таны байр суурь?

-УБХ, АИХ-д сууж байсан хүний хувьд хэлэхэд, 76 төлөөлөл арай багадаад байх шиг санагддаг. Энэ өөрчлөлтийг хийхгүй бол одоо 30 хэдхэн хүн л улс орны хувь заяаг шийдээд байна шүү дээ. УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлагыг ч дээшлүүлэх цаг ч болсон. Хуучин АИХ-ын 430 депутат дундаас Улсын бага хурлын 53 гишүүн сонгодог байсан. Тэр 53 нь хуульд гар хүрдэг, Ерөнхий сайд, дээд шүүхийн шүүгч, Ерөнхий прокурорыг томилдог байв. Тухайн үед сахилга, хариуцлага алдсан, ёс суртахууны доголдол гаргасан бага хурлын гишүүнийг эргүүлэн татдаг, шахаж ажиллуулдаг байсан юм. Тэр үеийн АИХ, УБХ-ын гишүүдийн даруулгатай байсан үеийг одоо санагалзаж явдаг. Одоогийн УИХ-ыг яг тийм эмх цэгцтэй байгаасай гэж хүсдэг.  


-Одоо Үндсэн хуульд өөрчлөлт хийх цаг нь мөн үү?

-Үндсэн хуульд оруулах журмын тухай хуулиар энэ асуудал нэлээд хойшилсон гэж яриад байгаа. Сүүлийн үеийн төслийн холбогдолтой хэлэлцүүлгүүд зөв тал руу орж эхэлж байна. Нэг зүйлийг шүүмжилж хэлэхэд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 2-3 дугаар сард улс төрийн бүх намын саналыг авч эхлүүлсэн бол өдийд нэлээн зангилагдсан байх ёстой. УИХ өргөн барьсан төслөө хэлэлцээд одоо хоёр дахь шатандаа орж байна. Хэдийгээр оройтсон ч улс төрийн бүх нам, хүчин, Ерөнхийлөгч саналаа хэлэлцүүлж байгаа нь сайшаалтай. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь өнөөгийн УИХ-ын түүхэн үүрэг юм. Дахиж энэ боломж ойрын 10-20 жилд олдохгүй. Улс орны хувь заяаг шийдэх энэ боломжоо ашиглахдаа сэтгэл хөөрлөөр хандаж, зарим улс төрийн байгууллагын саналд хэт ая тал засаж, судалгаа дүгнэлт муутай зүйл заалт орчих вий хэмээн эмээж байна. 


-Танд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд саналаа нэмэрлэх боломж олдвол ямар санал гаргах вэ?

-Ерөнхий сайд маш онцгой нөхцөлд УИХ-ыг тараах “санкц” байх ёстой. Улсынхаа  сайн сайхны төлөө ажиллаж чадахгүй бол эргээд хариуцлага тооцдог механизм байх хэрэгтэй гэж бодож байна. 


-Ерөнхийлөгч дүүргүүдийг хот болгох санал гаргасан байсан. Энэ тал дээр таны бодол?

-Үндсэн хуулийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай дөрөвдүгээр бүлэг байна. Түүн дээр захиргааны өмчийн, ялангуяа нийслэл хот тосгоны эрх зүйн байдлыг зохицуулсан заалтууд бий. Ерөнхийлөгчийн саналд бүгдийг нь нийслэлийн захиргааны нэгж рүү оруулна гэж байна. Хүн амын тал нь амьдардаг, парламент нь оршдог, бүх яам нь байдаг энэ төвлөрсөн хот бужигнаанд орох эрсдэлтэй. Санаа нь зөв ч, энэ удаад хойш нь тавих ёстой санал гэж ойлгож байна.


-Орон нутагт зарим санхүү, эдийн засгийн эрх мэдэл олгох зохицуулалтыг Ерөнхийлөгч болон УИХ дахь АН-ын зөвлөлөөс гаргаад байна?

Мөн нутгийн удирдлагын байгууллагад татвар тогтоох онцгой эрхийг шилжүүлэх гэж байна. УИХ-ын бүрэн эрхийг заасан 25 дугаар зүйлийн 7 дугаар заалтад УИХ зөвхөн өөрийн бүрэн эрхийн хүрээнд улсын хэмжээнд татвар тогтоох эрх хэрэгжүүлдэг. Үүнийг шилжүүлж болохгүй. Учир нь Монгол Улс нэгдмэл, нэг төртэй. Сум дүүргийн ИТХ хуулиар хязгаарлагдсан нөхцөлтэйгээр татвар тогтооно гэвэл уул уурхай өндөр хөгжсөн Өмнөговь, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн ИТХ асар их татвар тавиад, сүүлдээ Засгийн газар, яамдаас мөнгө нэхэхгүй, тусдаа бие даасан хэмжээнд хүрнэ. Үндсэн хуулийн үр нөлөө ганц хоёр жилдээ гарахгүй. 10-20 жилийн дараа нөлөө нь гарч эхэлнэ. Татвар гэдэг ААН байгууллагын орлогоос тодорхой хувийг татахыг хэлнэ. Тэгэхээр тэр хувийг дээш, доош болгох асуудлыг УИХ онцгой эрхийнхээ хүрээнд шийдэж байх ёстой. 

Холбоотой мэдээ