“Пеппа торой”-г эзэмшигч компанийг худалдан авна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-08-23 14:27:22

ВАШИНГТОН. /Bloomberg/. АНУ-ын тоглоом үйлдвэрлэгч “Hasbro” компани “Пеппа торой” хүүхэлдэйн киног эзэмшигч “Entertainment One” компанийг 4 тэрбум ам.доллараар худалдан авахаар болжээ.


“Энэхүү гэрээг байгуулснаар манай компанийн үзвэр үйлчилгээний салбар болон гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа өргөжинө” гэж “Hasbro” компанийн мэдэгдэлд дурджээ. Их Британийн “Entertainment One” компанийн хувьд сургуулиас өмнөх насны хүүхдүүдэд зориулсан “PJ Masks” зэрэг олон хүүхэлдэйн киног бүтээдэг юм.


Hasbro” компани “Entertainment One” компанийн үзвэр үйлчилгээний салбарын хүчин чадлыг улам нэмэгдүүлж, тоглоом сонирхогчид болон гэр бүлүүдэд зориулсан олон брэндийг бий болгохоор төлөвлөж байгаа ажээ.


АНУ-ын тоглоом үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлэгч “Hasbro” компани нь “My Little Pony”, “Transformers” зэрэг цувралын тоглоомыг үйлдвэрлэдэгийн зэрэгцээ дэлхий дахинд “Monopoly”, Play-Doh” зэрэг тоглоомоороо алдаршжээ.


Ташрамд дурдахад, “Entertainment One” компанийн “Пеппа торой” сургуулиас өмнөх насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр 40 гаруй хэл рүү орчуулагдаж, 180 гаруй орны үзэгчдийн хүртээл болжээ. 

Холбоотой мэдээ