Хэнтийн МСҮТ Политехник коллеж болж өргөжлөө

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-09-14 00:53:58

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь МСҮТ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны наймдугаар сарын 30-ны өдрийн А/282 тоот тушаалаар Политехник коллеж болон өргөжжээ.

Өнөөдөр тус сургуулийн хамт олон түүхт 50 жилийн ойн баяр дээрээ батламжаа гардан авлаа. Хэнтий аймаг дахь МСҮТ нь 2017-2020 он хүртэлх Стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулж 5*5 хөгжлийн хөтөлбөрийг гарган хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн хөгжлийг бүтээгч чадвартай иргэнийг бэлтгэнэ гэсэн алсын харааг гарган 2017 онд багшийн ур чадварыг дээшлүүлэх, бүс улсын уралдаанд амжилт гаргах, 2018 онд гадны зөвлөх мэргэжилтнүүдийг урьж сургалтын чанарыг сайжруулах, 2019 онд дотооддоо магадлан итгэмжлэгдэх мөн Политехник коллеж болох, олон улсын “Чанарын менежментийн тогтолцоо ISO2019-2015 стандарт”-ыг хэрэгжүүлэх, 2020 онд өмнөх жилүүдийн үйл ажиллагаанд анализ хийж цаашдын чиг хандлагаа тодорхойлох зорилтуудыг тавьсан аж.

Энэ хүрээнд 2018, 2019 онд бүсийн уралдаан тэмцээнд багаараа хоёр жил дараалан түрүүлж шилжин явах цомыг үүрд хадгалан үлджээ. Түүнчлэн 2018-2019 оны хичээлийн жилд гурван герман мэргэжилтнийг урьж ажиллуулан сургалтын чанараа сайжруулсан байна. Мөн “Эко сургууль" болох зорилт тавин ажиллаж байгаа аж. Тус сургуулийн брэнд болсон “Сурагчдын хоршоо” улсын тэргүүн туршлагаар шалгаран үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажил өрнөж байгаа юм байна. Энэ онд Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн долдугаар сарын гуравны өдрийн 06 тоот тушаалаар дотооддоо Магадлан итгэмжлэгдсэн талаар тус сургуулийн захирал Г.Нямхатан яриандаа дурдлаа. 

Холбоотой мэдээ