“Улаанбаатар Түншлэл-2019”-д байгалийн гаралтай бүтээгдэхүүн зонхилон дэлгэжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-09-14 10:09:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал ёсоор болдог “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд Беларусь улс “Түнш орон”-оор оролцож ХАА-н техник болон хүнсний бараа, бүтээгдэхүүнээ дэлгэж байгаа бол мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Тайваниас нийтдээ 40-өөд компани, дотоодын 60 гаруй аж ахуй нэгж оролцож байна.






Үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг "Өгөөж чихэр боов" ХХК монголчуудын эртний танил болон шинэ содон амттан бүтээгдэхүүнүүдээ дэлгэн тавьжээ. Монголын хэрэглэгчдэд анхны савалгаат чацаргана, чацарганы жүүс зэргийг төрөл бүрээр таниулсан UFC компани "Улаанбаатар түншлэл-2019" үзэсгэлэн худалдаанд гурван төрлийн өтгөрүүлсэн чацарганы шүүсийг онцлон танилцуулж байна.



Тэгвэл ОХУ-ын компаниудын дэлгэн тавьсан загасан бүтээгдэхүүн мах нь төгс уураг, ханаагүй тосоор баялаг гэдгээр үзэсгэлэнг зоригсдыг онцгой татаж байна. Кали, магни, фосфор, зэс, төмөр, А, Д, Е, В-ийн төрлийн амин дэмийг агуулдаг үнэ цэнтэй бүтээгдэхүүн юм. 

Үзэсгэлэнд оролцож буй "Голд кинг берри" компани харшилд сайн, байгаль, малын гаралтай түүхий эдийг шинэ технологиор боловсруулан биологийн идэвхт бүтээгдэхүүнийг гаргаснаа өвөрмөц савлагаатайгаар дэлгэжээ.








Манай улсад 2 хуралдсан Азийн худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын Удирдах түвшний 32 дахь чуулганы төлөөлөгчид "Мишээл экспо"-д гарч буй "Улаанбаатар түншлэл-2019" үзэсгэлэн яармагаар зочилж, үзэсгэлэнд оролцож байгаа Монгол Улс, ОХУ, БНХАУ, Тайвань, Беларусь, БНСУ-ын бараа, бүтээгдэхүүнтэй танилцаж, худалдаа хийлээ. ATPF-ийн төлөөлөгчид Монголын үндэсний брэнд бүтээгдэхүүн, арьсан урлал, ноос ноолууран бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож байлаа.

“Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд энэ амралтын өдрүүдэд үргэлжлэн гарна.

Б.Болд

Холбоотой мэдээ