Монгол Улсын дижитал хөгжлийн асуудлыг хөндөж байна

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-17 16:08:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Оксфортын их сургууль, “Билл Мелинда Гэйтс” сан Аксесс Сольюшинс ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн судалгааны тайлан, бодлогын зөвлөмжийг танилцуулах “Цахим эрин дэх нүүдэлчид” олон улсын бага хурал өнөөдөр боллоо.


Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон төрийн байгууллагууд, технологийн салбарын манлайлагчид, их, дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.



Хурлыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, "Дэлхий дахинд  өнөөдөр технологийн хөгжил эрчимтэй явагдаж, нийгэм, эдийн засгийн ихэнх салбарт нөлөөгөө үзүүлэн  аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж нэрлэгдэх хэмжээнд ирлээ. Улс орнууд мэдээлэл технологийн салбарт илүү анхаарч, эрчимтэй хөгжүүлэн тус хувьсгалд мөр зэрэгцэн урагшлахаар эрмэлзэж байна. Монгол Улсын Засгийн газраас цахим засгийг хөгжүүлэх, тоон технологийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэх зэрэг томоохон зорилт, арга хэмжээг төлөвөсөн. Цахим засаглал, төрийн дижитал шилжилтийн суурь болох иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, байгууллага хооронд мэдээлэл солилцох “Хур” систем, иргэнийг цахим орчинд таньж үйлчилгээ үзүүлэх боломжийг нээх “Дан” системүүд амжилттай нэвтэрч, бизнесүүд, иргэдэд үр ашгаа өгсөөр байна. Төрийн байгууллагын мэдээлэл солилцоог сайжруулах, үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлж, “Үйлчилгээний нэгдсэн төв” байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн чуулганаар та бүхнийг мэдлэг оюунаа дайчлан Монгол Улсын дижитал хөгжлийн стратегид үнэтэй хувь нэмэр болохуйц чухал хэлэлцүүлгүүдийг өрнүүлнэ хэмээн итгэж байна" хэмээв.



Бага хурлын "Монгол Улс дижитал шилжилтэд бэлэн үү" сэдэвт хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Ерөнхий сайдын ажлын албаны эдийн засгийн бодлогын зөвлөлийн дарга Т.Хаш-Эрдэнэ, “Анд Глобал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Анар, “Ай Си Ти” групп ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн нар панелистаар оролцсон юм.



Энэ үеэр хотын дарга С.Амарсайханаас Улаанбаатар хот дижитал шилжилтийн ямар бодлого хэрэгжүүлж байгааг тодруулав. Тэрбээр, "Бид дижитал шилжилт хийхийн тулд иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Одоогоор гэр хорооллын 151 хороог өндөр хурдны шилэн кабелд холбож, төрийн үйлчилгээг хүргэж эхлээд байна. Мөн иргэдийн цахим оролцоог хангахын тулд ихэнх хороонд 50 метр бүст үнэгүй интернетийн үйлчилгээ хүргэсэн. Гэр хорооллын иргэдийн цахим дэд бүтцийг хүргэх технологийн боломж нь “LTE технологид суурилсан утасгүй сүлжээ”-г барьж байгуулах нь зүйтэй гэсэн шийдлийг мэргэжилтнүүд гаргаад байна. Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, хотын иргэдийг аюулгүй орчинд амьдруулах зорилгоор 6000 орчим камерын нэгдсэн хяналтын сүлжээ байгуулах ТЭЗҮ боловсруулаад байна. Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санг бий болгох томоохон ажил ид өрнөж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үйлчилгээ авч буй иргэд хурууны хээгээ уншуулан зарим төрлийн лавлагааг үнэмлэхний хуулбар, нотариатийн баталгаа зэргийг шаардахгүй түргэн шуурхай авах боломж бүрдсэн. Энэ нь иргэдэд цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжийг бүрдүүлж байна” хэмээсэн юм.


Хурлын үеэр, “Цахим эрин дэх Монгол Улс” судалгааны төслийн захирал Б.Болор-Эрдэнэ тус төслийн тайланг танилцуулав. Төслийн хүрээнд Аксесс Сольюшинс ХХК болон Оксфортын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын цахим хөгжлийн бэлэн байдлын судалгааг хийж, технологийн хөгжлийг ашиглан эдийн засгийн хөгжлийг хурдасгах стратегийг боловсруулсан байна. Өнөөдрийн хурлын үеэр судалгааны үр дүнг танилцуулж, цаашид баримтлах цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийн хөгжлийн талаар стратегийг хэлэлцэх, технологийн салбарын хүний нөөц болон боловсролын дижиталчлалын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх аж.



Мөн хурлын үеэр, “Билл Мелинда Гэйтс” сангийн тэргүүн, хатагтай Мелинда Гэйтсээс ирүүлсэн мэндчилгээг дамжуулж, Оксфортын их сургуулийн Блаватникийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийн эдийн засгийн профессор Стефан Деркон “Технологийн хөгжлийн комиссын танилцуулга, улс орнууд дижиталчлалд хэрхэн бэлэн байх ёстой вэ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.



Холбоотой мэдээ