Осол гэмтлээс сэргийлэх олон талын хамтын ажиллагааг сайжруулна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-09-18 07:58:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЭМЯ, ДЭМБ хамтран Осол, гэмтлээс сэргийлэх-олон талт хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар Монгол Улс дахь осол, гэмтлийн өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, нийслэлд осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, хамтын ажиллагааны танилцуулга, урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон салбарын хамтын ажиллагаа сэдвээр оролцогчид илтгэл тавьж санал бодлоо солилцов.

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Осол, гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо маш чухал юм. ДЭМБ-ын Женев дэх Эрүүл мэндийн нийгмийн үзүүлэлтүүдийн асуудал хариуцсан захирал Этиенн Круг-ээр ахлуулсан зөвлөх баг Монгол Улсад энэ сарын 16-20-нд  аосол гэмтлээс сэргийлэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа, ажил үүргийн хуваарилалт болон нэгдсэн зохицуулалтын талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр ирсэн. Доктор Этиенн Круг зөвлөх бол дэлхийн олон улс оронд осол, гэмтлийг бууруулахад амжилттай ажиллаж байгаа, олон орны салбар хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан туршлагатай хүн гэдгийг онцлов.

2018 онд ГССҮТ-д зөвхөн түлэгдлийн улмаас хэвтэн эмчлүүлсэн 868 хүүхдийн эмчилгээний зардалд 2 тэрбум орчим төгрөг, нас барсан 9 хүүхдэд 469 сая төгрөг буюу 1 хүүхдэд ойролцоогоор 50 гаруй сая төгрөг зарцуулсан тооцоолол байна. Хэрэв энэхүү зардлыг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад зарцуулсан бол ирээдүйд гарах эрсдэлт нөхцөлд амьдарч буй 90 гаруй мянган хүүхдийг осол, гэмтлийн эрсдэлээс хамгаалах боломжтой аж.

Уулзалтад ДЭМБ-ын Төв болон Номхон далайн баруун бүсийн асуудал хариуцсан зөвлөхүүд, Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, ЭМЯ, холбогдох яам, байгууллагын албаны дарга, мэргэжилтнүүд оролцлоо.


Холбоотой мэдээ