“Хайртай” аяны үйл ажиллагаа амжилттай хэрэгжлээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-09-18 17:07:11
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор орон даяар зохион байгуулж буй “Хайртай” аяны үйл ажиллагаа есдүгээр сарын 16, 17-нд Дундговь аймагт амжилттай хэрэгжлээ. 

Тус аяны хүрээнд эх орноо, гэр бүлээ, үр хүүхдүүдээ, хамт олноо хайрлахыг уриалж, дуу хуур, уулзалт, ярилцлагаар дамжуулан соён гэгээрүүлэх сургалт, уулзалт, "Эх орны хийморь" цэнгүүн зохион байгуулж, телевизийн бичлэгүүд хийжээ.

“Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан” сургалтыг “Та монгол ээж” ТББ-ын багш Ц.Наранханд удирдан явуулж, 300 орчим эцэг эх хамрагдан, хүүхдээ хүмүүжүүлэх уламжлалт монгол арга, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн онцлог, зан байдал, эцэг эхийн оролцооны талаар мэдлэгтэй болж, харилцан санал бодлоо солилцон ярилцжээ. 

Мөн аяны хүрээнд зохион байгуулсан “Эр хүний ноён нуруу” чин сэтгэлийн уулзалт ярилцлагад тус аяны багийн гишүүд, залуу уран бүтээлчид, аймгийн ОБГ, цэрэг, цагдаагийн болон төрийн байгууллагуудын албан хаагчид, Дундговь нутгийн эрчүүд, залуучууд оролцлоо.

Уулзалтын үеэр төслийн удирдагч, Хурд хамтлагийн ахлагч Д.Ганбаяр хэлсэн үгэндээ “Монголчууд бид амьдралдаа сэтгэл хангалуун байж, бие биенийгээ хайрлан хүндлэх, ёс зүйтэй байх нь ус агаар мэт хэрэгтэй байна. Ялангуяа эрчүүд бид эзэн шиг ноён нуруутай, амьдралаа авч явах хийморь сүлдтэй, сайн сайхан үлгэр дууриалалтай, зөв сэтгэлтэй, эх оронч байж, таван тусгаараа үеийн үед хамгаалж, өвлүүлэх учиртай юм” гээд Монгол монголдоо “хайртай” байхыг уриалсан юм.  

Эцэг эхчүүд, эрчүүд, залуучуудад зориулсан сургалт, уулзалт, ярилцлагаас гадна өсвөр насны хөвгүүдэд зориулсан “Хөвгүүдийн уулзалт” ярилцлага зохион байгуулсан юм. Тус уулзалтад ирээдүйн аав болох 200 гаруй хөвгүүд оролцжээ.

Уулзалтад Хурд хамтлагийн гишүүд, Монгол Улсын Гавьяат Багш, профессор З.Цэвээнравдан, Цагдаагийн ахмад Н.Ганбат болон ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Цогзолмаа нар оролцож, өөрсдийн бага насны дурсамжаа хуваалцан чин сэтгэлээсээ ярилцжээ.

Монгол Улсын Гавьяат Багш, профессор З.Цэвээнравдан хөвгүүдэд хандан “Хүний сэтгэлийг тайван байлгаж байгааг хайр гэж ойлгож болно” хэмээн найз нөхдөө, эцэг, эхээ, ахмад буурлуудаа хайрлан, хамгаалж байхыг сургалаа.

Холбоотой мэдээ