Наран суманд Эрүүл мэндийн шинэ төв ашиглалтад орлоо

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-09-18 21:07:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Наран суманд 10 ортой эрүүл мэндийн шинэ төв /ЭМТ/ ашиглалтад орлоо. Улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар хийсэн барилгын ажил 2018 онд эхэлж, ийнхүү гэрээт хугацаандаа хүлээлгэн өглөө. Ингэснээр тус сумын 2000 иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар стандартын шаардлага хангасан ЭМТ-өөр үйлчлүүлэх боломжтой болж байна. 

1996 онд хуучин эмнэлгийн байр ашиглалтад орж, 20 гаруй жил болсон учир барилгын чанар муудаж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулахад шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа авч байсан. Улмаар шинэ эмнэлгийн барилгын асуудал 2012 оноос эхлэн яригдаж, 2017 онд шинэ эмнэлгийнхээ шавыг тавьж, 2018 онд албан ёсоор барилгын ажлыг эхлүүлээд энэ цаг мөчид шинэ эмнэлгээ хүлээн авч байгаадаа үнэхээр баяртай байна гэж ЭМТ-ийн эрхлэгч С.Ууганцэцэг ярилаа.  

ЭМТ-ийн тохижилт, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэхэд сум орон нутгийн зүгээс онцгойлон анхаарч байгаа. Төрийн байгууллагууд болоод хувиараа бизнес эрхлэгчид, малчид, сум орон нутгийн иргэд шинэ ЭМТ-дөө хандив өргөж, тохижилтын ажлыг эхлүүлжээ. Нэн тэргүүнд эмнэлгийн стандартын 10 ортой болгосон байна. Цаашид тохижилтын ажил үргэлжилнэ гэдгийг сумын Засаг дарга Л.Оч нээлтийн үгэндээ онцолж байлаа.

Наран сумын ЭМТ нь гурван их эмч, гурван бага эмч, дөрвөн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд гээд 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр сумынхаа ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна.

Шинэ ЭМТ-ийн барилгыг Улаанбаатар хотын "Билгүүн-Од" ХХК гүйцэтгэж, 08 дугаар сарын 12-ны өдөр чанарын онц үнэлгээтэйгээр улсын комисст хүлээлгэн өгчээ.

 

Холбоотой мэдээ