Өмнөд Суданд алба хаах цэргүүд жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2019-09-18 15:46:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний есдүгээр  ээлжийн мотобуудлагын батальон өнөөдөр монгол цэргийн Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. 

Ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, Дотоодын цэргийн штаб зэрэг байгууллагын удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцов. Энэ удаагийн   батальоны захирагч, хурандаа Д.Баттүвшин Зэвсэгт хүчний шилдэг офицеруудын нэг бөгөөд тэрээр энхийг дэмжих ажиллагаанд дөрвөн удаа үүрэг гүйцэтгэж байгаа туршлагатай юм.  БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд  хурандаа Д.Жавхланбаяр захирагчтай наймдугаар ээлжийн мотобуудлагын батальоны халааг энэ ээлжийнхэн авч байна. 

Холбоотой мэдээ