Цагдаагийн найман алба хаагч зэрэг хуримаа хийхээр нийслэлийг зорилоо

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-09-19 11:36:48

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан алба хаагчдынхаа гэрлэх ёслолын үйл ажиллагааг хийж байна. Үе үеийн төлөөлөл болсон найман алба хаагч өнөөдөр буюу намрын тэргүүн сарын шинийн 19-ний билэгт сайн өдөр Улаанбаатар хотноо гэрлэх ёслолоо хийх бөгөөд хуримлагч хосуудыг аймаг орон нутгийн удирдлагууд, гэр бүл, хамт олон, найз нөхөд нь үдэн гаргалаа. 

Алба хаагчдынхаа гэрлэх ёслолыг зэрэг хийж буй нь 72 жилийн түүхтэй аймгийн Цагдаагийн газрын хувьд анхдагч үйл явдал гэдгээрээ онцлог. Тийм ч учраас хуримлагч хосуудыг их жанжин Д.Сүхбаатарынхаа талбайд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, гэрлэлтийн батлахыг нь албан ёсоор гардуулан өгсөн юм.

ЦЕГ-аас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, байгууллагын соёлыг дээшлүүлэх чиглэлээр олон төрлийн ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлдэг. Үүний дагуу манай хамт олон 2019 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд уг ажлыг тусгасан. Улмаар хуримаа хийх хүсэл сонирхолтой алба хаагчдынхаа саналыг авч, хамт олноороо хэлэлцэн энэхүү найман гэр бүлийг сонгосон. Цагдаагийн алба хаагчид хуримаа ч хийх завгүй, цаг наргүй албандаа зүтгэдэг гэдэг нь өнөөдрийн энэ үйл ажиллагаанаас дахин харагдаж байна. Эдгээр гэр бүлийн төлөөлөл болсон энэхүү сайхан найман гэр бүлийнхээ гэрлэх ёслолыг хүндэтгэлтэйгээр хийж байгаадаа бид баяртай байна. Бидний санал санаачилгыг дэмжиж, хамтран ажилласан аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Жаахан шарга театрын хамт олонд алба хаагчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье гэж аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Лхагвасайхан хэллээ.

Хуримлагч хосуудын дунд цагдаагийн байгууллагад 20-иод жил ажилласан өнөр өтгөн гэр бүлээс гадна, шинэ залуу алба хаагчдын төлөөлөл ч багтжээ.

Цагдаагийн газрын дэргэдэх Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Л.Ганзориг

Миний хувьд цагдаагийн байгууллагад ажиллаад 20-иод жил болж байна. Ханьтайгаа гэр бүл болоод арав гаруй жил болсон ч хуримаа хийж амжилгүй явсаар өдий хүрчээ. Бид таван сайхан хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл. Хуримаа наран мандах нутагт томилогдож ирээд хийж байгаадаа үнэхээр баяртай бас билгэшээлтэй байна. Энэ сайхан ажлыг санаачилсан Цагдаагийн газрын хамт олондоо баярлалаа.

Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч цагдаа, дэд ахлагч Т.Бат-Ерөөлт

Өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу цагдаагийн байгууллагад орж ажиллаад нэг жил зургаан сар болж байна. Би Сүхбаатар нутгийн хүргэн. Гэр бүлийнхээ хүнтэй ханилаад долоон жил болсон ч хуримаа хийгээгүй байсан. Бид нэг хөөрхөн хүүтэй. Энэхүү билэгт сайн өдөр хамт олныхоо хүндэтгэл дор мөрдөс нэгт алба хаагчидтайгаа хамт хуримлах гэж байгаадаа үнэхээр их баяртай байна. Ийм сайхан боломжийг олгосон хамт олондоо маш их баярлалаа.

Хосуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар оролцож, аймгийн хувьд анхдагч, содон үйл явдал болж байгааг онцлоод хосуудад ерөөлийн үг айлдан алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүг барьсан юм.

Тэд 09 дүгээр сарын 19-ний билэгт сайн өдөр нийслэлийн гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж, 09 дүгээр сарын 20-ны өдөр аймгийнхаа төвд хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох юм. 

Холбоотой мэдээ