“Цагаан тахал”-ын аюулаас сэргийлэхийг уриаллаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-09-18 14:59:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тус газрын мэдээлснээр оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогджээ.

Үүний 23 хэрэг нь орон нутагт бүртгэгдсэн байна. Үүнээс харахад энэ төрлийн хэрэг зөвхөн нийслэлд ч бус орон нутагт ч гарах болжээ. Түүнчлэн гарсан хэргийг өнгөрсөн оны есдүгээр сартай харьцуулахад 32.2 хувиар өссөн байна. Холбогдогч нарын тоо 21.9 хувиар мөн нэмэгджээ.

Дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь 19-35 насны хүмүүс байгаа бол 17 буюу 5.1 хувийг насанд хүрээгүй буюу 15-18 насны хүмүүс эзэлж байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийн 13 нь дунд сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид байна.


Нийт холбогдон шалгагдаж буй 330 хүний 47 нь буюу 14.2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн байна. Хэвлэлийн хурлын үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Цагдаагийн байгууллагаас иргэн, ААН, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” үйл ажиллагааг зохион байгуулж байгаа”-г мэдэгдэв. 

Энэ ажлын хүрээнд байгууллага, хамт олноороо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” шинжилгээнд сайн дураараа хамрагдан, хар тамхигүй ажлын байр, хамт олныг бий болгохыг уриаллаа. Хэвлэлийн бага хурлын үеэр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх төхөөрөмжийг танилцуулсан юм. 

Холбоотой мэдээ