БНСУ-тай дипломат яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-18 15:54:41

ТОКИО. /TASS/. Сүүлийн саруудад хоёр улсын харилцаа хурцадмал байдалд байгаа хэдий ч манай Засгийн газар БНСУ-тай дипломат яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно хэмээн Японы Гадаад хэргийн сайд Тосимицу Мотэги сэтгүүлчдэд мэдэгджээ.


Мотэгийн мэдэгдсэнээр, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын уулзалт хийх хугацааны талаар одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа аж.


Японы Засгийн газар долдугаар сарын 1-нд хагас дамжуулагч болон янз бүрийн төхөөрөмжийн дэлгэц үйлдвэрлэхэд зайлшгүй шаардагддаг гурван төрлийн материалын экспортод тавьдаг хяналтаа чангатгасан байна. Японы тал эдгээр материалын заримыг нь Өмнөд Солонгосоос БНАСАУ-д нийлүүлсэн байж магадгүй гэж сэжиглэж байгаа юм.  


Түүнчлэн нано материал болон өндөр технологийн бүрэлдэхүүн хэсгийг хялбаршуулсан системээр хязгаарлалтгүйгээр нийлүүлдэг орнуудынхаа жагсаалтаас БНСУ-ыг хассан юм. Хариуд нь БНСУ лхагва гарагт Японыг худалдааны найдвартай түншүүдийнхээ жагсаалтаас хассан байна.  


Дэлхийн хоёрдугаар дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын дөрвөн ажилчинд олгохыг БНСУ-ын Дээд шүүхээс Японы “Nippon Steel & Sumitomo Metal” компанид 2018 оны намар үүрэг болгосны дараа Токио болон Сөүлийн харилцаа мууджээ.


Японы Засгийн газар дээрх шийдвэрийг няцаагаад, энэ асуудлыг 1965 онд Токио болон Сөүлийн харилцаа хэвийн байх үед эцэслэн шийдсэн гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгос нөхөн төлбөр олгох хэрэгтэй холбоотойгоор “Nippon Steel & Sumitomo Metal” компанийн хөрөнгийг хураах журмыг санаачилсан байна. Энэ нь Япон улс БНСУ-д худалдааны хязгаарлалт тогтоох гол шалтгаан болсон гэж шинжээчид үзэж байгаа юм. 

Холбоотой мэдээ