Үндсэн хуулийн нэмэлтээс ээлжит бус сонгууль руу

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-09-19 12:48:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн нэмэлт өнгөрсөн зуны улс төрийн гол сэдэв байв. Улс төр энэ хэлбэрээ одоо (намар)  ч алдаагүй байна. Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаад эцэг хуулийн нэмэлтийг ард түмнээс асууна гэж парламент хэлсэн юм. Бүр санал авах өдрийг товлосон (10 дугаар сарын 30, 31). Тов зарлах УИХ-ын тогтоол хэлцэж эхэлмэгч Ерөнхийлөгч (есдүгээр сарын 9-нд)  өргөн барьсан төсөл (санал)-өө татаж байгаагаа албан бичгээр спикерт мэдэгдлээ. Гэхдээ ард түмний санал асуулга явуулна гэж байгааг дэмжинэ. Харин уг санал асуулгад төрийн тогтолцоо (засаглалын хэлбэр)-г асуух хэрэгтэй гэдэг бие даасан санал гаргалаа. Төрийн тэргүүний саналыг тойрсон улстөрчид, хуульчдын байр суурийг харвал болно, болохгүй гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байна. Болно гэдэг талыг дэмжигсэд Үндсэн хууль болоод ард нийтийн санал асуулгын тухай хууль дээр тулгуурлан байрь сууриа илэрхийлсээр... Харин болохгүй гэдэг байр суурийг баримтлагдсад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн “ Үндсэн хуулийн суурь зарчимыг хөндөж болохгүй” гэсэн зарчим хөндөгдөнө гэж хэлж байх жишээтэй. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн гаргасан санал дээр хуваагдмал байдлаар илэрч байгаа талуудын байр суурийг харвал аль альд нь хуулийн гаргалгаа байгаа бололтой. Өргөн энэ утгаар нь авч үзвэл тухайн асуулгыг ард түмнээс асуух уу, үгүй юү гэдэг нь эрх баригчдаас бүрэн хамаарах бололтой.


Ийм байр суурийн зэрэгцээ сөхөгдөж байгаа дараагийн нэг сэдэв УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах тухай юм. Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсээр.... Бас л болно, болохгүй гэсэн хоёр талын байр суурь давамгайлах янзтай. Болно гэдэг талыг дэмжигсэд  ард нийтийн санал асуулгад  зардал (29 тэрбум) гарна.  Гарах зардлаа ганцхан Үндсэн хуулийн нэмэлтийг асууснаас УИХ-ыг тараагаад ээлжит бус сонгууль явуулж төсөв хэмнэх  хэрэгтэй“ гэж үзж байгаа юм байх. Болохгүй гэдэг талыг баримтлагсад УИХ хугацаагаа (дөрвөн жил) дуусгаж, 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ард түмнээр дүгнүүлэх ёстой” гэж байх жишээтэй. Гэхдээ ээлжит бус сонгууль явуулах талаар албан ёсоор  парламентын танхимд  хэлцэж эхлээгүй. Зөвхөн улстөрчид, тэгэхдээ МАН-ын цөөн хүний дунд саналын түвшинд ярьж байгаа гэнэ.  Энэ  талаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ам нээгээгүй байна. Одоогоор ам нээсэн албан тушаалтан бол МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарсайхан юм. Гэхдээ тэрбээр ийм явдал болохыг дэмжээгүй боловч үгүйсгээгүй гэнэ. Харин УИХ-ын гишүүн Х. Болорчулуун “ цөөхөн хүний гарын үсэгтэй цагаан цаас надад ирсэн би гарын үсэг зураад явуулсан. Тэр нь дээр” гэж хэлж байна. Гишүүний хэлж байгаагаас үзвэл сөхөгдөж байгаа сэдэв ор үндэслэлгүй зүйл биш бололтой.


УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахад хүрвэл ямар нөхцөл байдал үүсэх вэ? Энэ талаар эхлээд ярих хэрэгтэй болох болов уу. Үндсэн хуулийн хүрээ (1992 онд батлагдсан)-нд урьд өмнө нь ээлжит бус сонгууль  хийгээгүй. Ийм болохоор анхных болно. Түүнтэй яг адилхан  УИХ хугацаанаасаа өмнө тарсан анхны тохиолдол болох биз. Эдгээр нь ирээдүйд болох үйл явдлын (болох, эсэх нь шийдэгдээгүй) урдчилсан дүр  зураг. Харин парламентын ээлжит бус сонгууль явлаа гэхэд сонгуулийн дүн яаж гарах вэ? Энэ талаар өнөөдөр хэлэхэд эрт байна. Ээлжит УИХ-ын сонгуулийн дүн янз бүр гарч байсан. Тухайлбал парламентын сонгууль болсон 1992, 2000, 2016 онд нэг нам (МАН /МАХН)  УИХ-ын үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байв.  Тэгвэл 1996 онд (МҮАН-МСДН-ын ардчилсан холбоо эвсэл)  50 суудал авсан. Тухайн үед чуулганы ирц ердийн олонхоор бус 76 гишүүний гуравны хоёр (51)-оор бүрддэг байв. Ийм нөхцөлд чуулганы ирц бүрдэхгүй гацах тохиолдол маш их байх юм билээ. “Эх-орон Ардчилал эвсэл”, МАН (МАХН) 2004 онд хэн хэн нь олонх (39)-ын суудал аваагүй. Энэ нь ажил хийхэд хүнд байсан гэдэг. Болж өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулийн дүн, зовлон жаргалыг авч үзвэл ийм байна. Сонгуулийн дүнгээс хамаараад гарсан үр дүн бас өөр өөр байсан нь ойлгомжтой.


Дээр хөндөгдөөд байгаа хоёр сэдэв аль аль нь зарчмын болон хууль зүйн хувьд хийж болохгүй зүйл биш  юм байна. Ийм зүйлийг хийж болно. Гэхдээ гарах сайн, муу үр дүн, нөлөөг нь урьчилан тооцох ёстой. Ёстой төрийн тогтолцоо, (засаглалын хэлбэр)  ээлжит бус сонгууль (УИХ-ын)  хоёр монголчуудын хэлдэгчлэн “долоо хэмжиж нэг огтлох” зүйл  мөн байх аа. Дөрвөн улиралтай манай ороны хувьд өвлийн улиралд (11 дүгээр сард) ээлжит бус сонгууль явуулж болохгүй гэж олон хүн үзэж байгаа бололтой. Энэ бол нэг хүчин зүйл мөн. Гэхдээ дээрх үйл явдлыг хийж гүйцэтгэсний дараа үүсэх улс төрийн нөхцөл байдал түүнээс чухал  байж таарна. Энд хэн ямар хариулт өгөх бол. Үндсэн хуулийн нэмэлтээс эхэлсэн өнгөрсөн зуны улс төр, ээлжит бус сонгууль руу гулган орох уу, үгүй юү гэдэг нь асуултын тэмдэг хэвээрээ байна. “Аваагүй байхад авгай сайхан, алаагүй байхад үнэг сайхан” гэж монголчууд ярьдаг. Түүнтэй нэгэн адил ”хийгээгүй байхад ээлжит бус( УИХ) сонгууль сайхан, асуугаагүй байхад ард нийтийн  асуулга сайхан” гэж.... 

Холбоотой мэдээ