Хар замын эвдэрсэн хагарсан хэсгийг нөхөж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-09-20 12:06:39

Увс /МОНЦАМЭ/. "Улаангом тохижилт үйлчилгээ" Орон нутгийн төсөвт үйлчилгээний газраас Улаангом хот доторх хар замын эвдэрсэн, хагарсан хэсгийг нөхөх ажлыг хийж байна.

Тухайлбал, Ж.Баянмөнхийн гудамж буюу “Элит-45 айлын орон сууцны чиглэлийн хар зам, Аймгийн Музейн арын хар зам, Гурилын үйлдвэрийн чиглэлийн хар зам, Онцгой байдлын хэлтэс, “Цас тогтох” дэлгүүрийн чиглэлийн хар зам дагуух том, жижиг хагархай цоорхойнуудыг зориулалтын хүйтэн асфальтаар нөхөж, засварлаж байна. Хүйтэн асфальтаар зам нөхөх нь байгаль орчинд ээлтэй, халуун хүйтэнд тэсвэртэй бөгөөд уламжлалт технологитой харьцуулахад хамаагүй зардал багатай, хийхэд цаг хугацаа их хэмнэдэг аж. Энэчлэн Улаангом хот доторх бүх хар замын хагархай цоорхойг хүйтрэхээс өмнө зориулалтын хүйтэн асфальтаар нөхөж, засварлах юм байна. Энэ зун хэд дахин орсон хүчтэй аадар борооны улмаас Улаангом хот доторх хар замуудад хагарал цоорол үүсээд байжээ.

Үүнээс гадна "Улаангом тохижилт үйлчилгээ" Орон нутгийн төсөвт үйлчилгээний газраас Увш хар уулын орчимд 105 га талбайд тархсан хур хогийг хумьж, отвальдах ажлыг хийж байна. Ялангуяа үхсэн, нядалсан малын сэг зэм, яс үс, машины хаягдал төмөр, кабин зэрэг овор бүхий хогийг зөөж тээвэрлэн дарж булшилж байна. Мөн ард иргэдийг дахин хог асгахаас сэргийлж 1500 м урт зон татах, камержуулах, тэмдэгжүүлэх ажлыг хийж байгаа аж. Ингэснээр цэвэрхэн талбайд хог асгасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хяналтын камерын тусламжтайгаар олж хуулийн дагуу хариуцлага тооцуулах юм байна. 

Холбоотой мэдээ