Намибид үйлдсэн геноцид, Герман улсаас олгох нөхөн төлбөр

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-09-20 11:32:35

Африк тивийн баруун өмнөд хэсэг буюу одоогийн Намиби улсын нутаг дэвсгэрт Германаас ирсэн шилжин суурьшигчид өөрсдийнх нь эсрэг бослого гаргасан хоёр омгийн ард иргэдийг хоморголон устгасан аймшигт хэрэг 1904 онд гарчээ. Тэр үед Аварга загасны арал дээр олзлогдсон нутгийн уугуул иргэдийг хорихын тулд бөөнөөр хорих лагерь байгуулсан ба тэнд хоригдож байсан хүмүүсийн 80 хувь нь амиа алдсан байна. 115 жил өнгөрсний дараа Герман улсын засгийн газрын зүгээс тус улс уг хэргийн хариуцлагыг хүлээнэ гэдгийг мэдэгдээд хохирогсдод нөхөн төлбөр олгох асуудлаар хэлэлцээ хийж эхэлжээ. Энэ тухай Испанийн El Mundo сонинд Альберто Рохас-ын бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. 


Энэ бол геноцидийн зуун”-нд үйлдэгдсэн анхны геноцид /хүмүүсийг үй олноор нь хоморголон устгах/ байлаа. Энэ аймшигт хэргийг тухайн үед хэн ч мэддэггүй байсан Намибид үйлдсэн учраас олон нийтийн анхааралд өртөөгүй юм. Алуурчид гереро үндэстний хүмүүсийн 70 хувь, нама үндэстнүүдийн 50 хувийг устгахдаа хөрөнгө хүч төдийлөн зарцуулаагүй. Учир нь, дээрх хоёр омгийнхон өлсөж, цангасны улмаас бөөнөөрөө амиа алджээ. 


1904 он гэхэд дэлхийн том эзэнт гүрнүүд Африк тивийг хэдийнэ хуваагаад авчихсан байсан бөгөөд Германд баруун өмнөд Африк оногдов. Өнгөрсөн 115 жилийн хугацаанд геноцид гэдэг аймшигт үгийг хэн ч хэлж зүрхэлдэггүй байсан бол энэ оны 7 дугаар сард Германы парламентын дээд танхимын дарга Даниэль Гюнтер (Daniel Günther) анх удаа тэр үгийг хэлсэн юм.


“Германы колонийн түүхийг эргэн сануулж, мартагдуулахгүй байх, эвлэрлийн үйл явцыг эрчимжүүлэхэд бидний хийж буй ажлын гол зорилго оршино. 1904-1908 оны хугацаанд үйлдэгдсэн зэрлэг балмад хэрэг нь өдгөө бидний геноцид гэж нэрлэж буй тэр зүйл байжээ” хэмээн Намибид айлчилсан Германы Хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Герд Мюллер ярилаа. Тэрбээр нөхөн төлбөрийн асуудлыг Намибийн засгийн газартай хамтран хэлэлцэж байгаа ажээ.


Болсон хэрэг явдлын талаар мэдэхийн тулд 1904 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр рүү буцаж очих хэрэгтэй болно. Султан, хаан, кайзер гэх мэт хүмүүс амьдарч байсан тэр үеийн дэлхий ертөнцөд эргэн очих хэрэгтэй болно. Канцлер Бисмаркийн зохион байгуулсан Берлиний бага хурлаар Африк тивийг Европын орнууд хуваан эзэмшихээр тохиролцжээ. Африкийн байгалийн төдийгүй хүний нөөцийг цөлмөн мөлжих нь тэдний гол зорилго байв. Харин хуучин боолуудаа буцаан авчрах зорилгоор АНУ-ын байгуулсан Либери улсыг дээрх тохиролцоонд оруулаагүй аж.     


Герман улс алмааз, алт, зэс, цагаан алтны томоохон ордуудыг нээн ажиллуулж эхэллээ. Эдгээр уурхайн нурсан балгасууд Шпергебит, Помон, Каоковельд, Колманскоп зэрэг газруудад өдгөө хүртэл бий. Эдгээр газарт анхны рентген аппаратуудыг суурилуулж байсан нь хүмүүсийг эмчлэх бус харин уурхайчид биедээ алмааз нууж гарахаас сэргийлсэн арга хэмжээ байлаа. Тэр үеийн тансаг байшин барилгууд, казино, усан сан, төмөр замын өртөө байсан газрууд өдгөө эзгүйрч хоосрон, элсэнд дарагдан цөлжжээ.   


1904 онд Намибийн хүн ам нь уурхайд боолын хөдөлмөр эрхэлж байсан 200 мянган хар арьст иргэд, тэднийг захирч байсан 2500 германчууд, 1300 африканерууд /Голланд, Франц, Германы колоничлогчдын удам/ ба 400 англи иргэдээс бүрдэж байлаа. Колоничлогчид орон нутгийн иргэдийг зөвхөн ажиллах хүч гэж л үзнэ. Германы Колонийн лиг гэдэг байгууллага мэдэгдэхдээ “хуулийн асуудлаарх аливаа маргааны үед 7 африк хүний өгсөн мэдүүлэг нь нэг цагаан арьстны мэдүүлэгтэй дүйцнэ” гэж байлаа.


Эцэст нь нутгийн уугуул иргэд бослого гаргаж, гереро үндэстний зэвсэгт бүлгүүд цагаан арьстнуудын хэд хэдэн эдлэн газрыг эзлэн авч, Окахандья, Виндхук хотуудыг бүслээд, Осона чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг хаасан байна. Бослогыг дарахын тулд германчууд генерал Лотар фон Трота-гаар удирдуулсан 14 мянган цэргийг илгээжээ.

Эхлээд германчууд тулган шаардах бичиг явуулсан байна. Герерочуудыг Германы иргэн болгох хүсэлтийг фон Трота няцаагаад “амьд үлдэхийг хүсч байвал улс орноос гарч явах”-ыг тушаажээ. Гереро үндэстний хүмүүс элсэрхэг газраар хөөгдөн зугтсаар Омахеке мужийн нутагт нуугдан орогносон байна. Калахаригийн цөлийн баруун хэсэгт орших энэ газрыг “бурхны зуух” гэж нэрлэдэг бөгөөд тэнд усны эх үүсвэр маш ховор, хоол хүнс гэхээр зүйл огт үгүй аж.


Худаг бүрийн дэргэд зэвсэгт хамгаалагчдыг тавьж, түүн рүү ойртон ирэхийг оролдсон гереро хүн бүр рүү гал нээж, бууж өгсөн хүмүүсийг цаазлан хороож, цогцсуудыг нь худаг руу шидэж усыг нь хордуулах тушаалыг генерал фон Трота өгсөн байна.


Хэдэн сарын дараа Германы цэргүүд нутгийн гүн рүү хөдлөх үед цөл даяар энд тэндгүй хүмүүсийн араг яснууд тааралдах болов. Араг яснуудын зарим нь ус олохын тулд ухсан асар том нүхнүүдийн дэргэд хэвтэж байлаа. Ердөө мянга орчим гереро хүн амьд үлдэж, Английн эзэмшлийн нутагт хүрчээ. 

Хүмүүсийг үй олноор нь устгах аргуудын тухай ярих аваас, зориудаар өлсгөлөнд унагахаас илүү “хямд бөгөөд үр дүнтэй” арга гэж үгүй. Сталин 1930-аад оны үед Украинд энэ аргыг туршсан бол өдгөө Йемен, Өмнөд Суданы хээрийн цэргийн дарга нар хэрэгжүүлж байна. Хүмүүс өлсөж цангасны улмаас мянга мянгаараа үхэж байсан бөгөөд тэдэн рүү хэн ч буудахгүй байлаа. Аль болохоор олон хүнийг хөнөөхийн тулд ийм аллагыг зориудаар үйлджээ.   


Намиби дахь Германы амбан захирагч Лейтвейн “хүнлэг ёс ба христийн зарчимд харшилж, Герман улсын нэр хүндийг хохироож” буй генерал фон Трота-гийн хийсэн үйлдлийн талаар Германы Канцлер фон Бюлову-д гомдол мэдүүлсэн байна. Гэвч фон Трота зөвхөн Кайзер Вильгельм II-д захирагдаж байснаас гадна тэрбээр “Женевийн хэлэлцээр герерочуудад огт хамаарахгүй, учир нь тэд хүний түвшинд хүрээгүй” гэж үздэг байжээ.  


Германчуудын харгислал үүгээр дууссангүй. Тэд түүхэнд анх удаа “Аварга загасны арал” гэдэг нэртэй бөөнөөр хорих лагерь байгуулсан нь 1904-1908 онд ажиллаж байсан бөгөөд тэнд олон мянган гереро, нама үндэстнүүд амиа алдсан байна.  


Баруун өмнөд Африкт ажиллаж байсан Их Британийн бизнес эрхлэгчид энэ бүх гэмт хэргийн талаар Кейптаунд мэдэгдсэнээр хэрэг явдлын дуулиан Европын дипломат байгууллагуудын сонорт хүрсэн байна. Зөвхөн тэр үед л Вильгельм II, фон Трота нар геноцид ажиллагаагаа зогсоожээ. Хэдхэн сарын дотор тэд гереро үндэстэн хүмүүсийн 70 хувь, нама үндэстнүүдийн 50 хувийг хоморголон устгасан байна. Гэхдээ эдгээр нь нэлээд бууруулсан тоо юм. 


Эр зориг гарган уучлал гуйсан сайд Мюллер харгислалын золиос болсон хүмүүст нөхөн төлбөр олгоно гэдгийг амлаад, нөхөн төлбөрийн хэмжээ ба хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийн талаар Намибийн талтай хэлэлцээ хийж байна.


Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж:  https://inosmi.ru/history/20190919/245846129.html

https://www.elmundo.es/internacional/2019/09/14/5d7bd9a3fc6c83fc688b465d.html

Холбоотой мэдээ