Эко ариун цэврийн байгууламж барих ажил эхэллээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-09-20 13:22:05
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Хашаандаа эко ариун цэврийн байгууламж барьсан айл өрхүүдэд урамшуулал олгох журмын дагуу Баян-Өндөр сумын баг тус бүрээс 19 айлд эко жорлон суурилуулах ажил эхэллээ.

Барилгын ажлыг “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК гүйцэтгэж өнөөдрийн байдлаар  Шанд, Их-Залуу, Яргуйт, Рашаант багийн айлуудад нүх ухах, цагираг суурилуулах ажил хийж байна. Эдгээр айл өрхүүд нь ойрын хугацаанд инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй, гэр хорооллын ундны усны худаг, хүүхдийн цэцэрлэг сургуультай ойр байрласан, үерийн усанд өртөж эвдэрч хэмхэрсэн зэрэг ахин ашиглах боломжгүй жорлонтой  айлууд юм.  Мөн гэр хороололд байнгын оршин суудаг, Орхон аймгийн харьяат байх гэсэн шалгууртай ажээ.

2018 онд Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын санаачилгаар агаар хөрсний бохирдлын судалгаа хийж, судалгаагаар хөрсний бохирдлын түвшин зарим газарт өндөр гарсан байдаг. Тэгвэл үүнээс үүдэж Орхон аймаг хашаандаа эко ариун цэврийн байгууламж барьсан айл өрхүүдэд урамшуулал олгох журам баталж 2019 оны орон нутгийн төсөвт 300 сая төгрөгийг тусгасан. Түүнчлэн БОАЖ-ын Сайдын зардлаас 250 сая төгрөг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 95 сая төгрөгийн санхүүжилт авахаар болсон юм.

 

 

Холбоотой мэдээ