“Монгол-Солонгос багш солилцоо”-ны хөтөлбөрт 12 багш хамрагдав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-09-20 16:52:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2012 оноос хойш долоо дахь жилдээ хэрэгжүүлж буй  “Монгол-Солонгос багш солилцоо”-ны хөтөлбөрт энэ жил Монгол Улсаас 12 багш хамрагдлаа. Эдгээр багш нарын тайлан уулзалт Багшийн хөгжлийн ордонд өнөөдөр боллоо.

Багш нар өөрийн сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцаж, сургуульдаа болон боловсролын салбарт ажиллаж буй багш нартаа түгээн дэлгэрүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байв. Мөн багш нарын  харилцаа хандлага их чухал юм гэдгийг онцоллоо. Тухайлбал:

-БНСУ-ын ЕБС-иуд жилийн  төлөвлөгөөнд  тусгаснаар 7 хоног тутам хүүхэд  бүрийг хэвшүүлэх  уриатай байнга хийх ажлууд нь төлөвлөгдсөн байх бөгөөд түүний дагуу ажлаа явуулдаг, багш хүүхдэд ямар ч дарамтгүй сургалт зохион байгуулдаг аж.

-Хичээлийн агуулгыг эзэмшүүлэхээсээ илүү хүүхдийг бага наснаас нь эхлэн нийгмийн үйлчилгээнд оролцохдоо дэг журам, сахилга батыг сахих, бие биенээ сонсох, бие дааж сурах, тэвчээртэй байх, бусдаас суралцах, эерэг харилцах, хамтарч ажиллах, цаг баримтлах зэрэг чадварыг хүүхдийн сонирхолд нь тулгуурлан эзэмшүүлж, нийгэмшүүлж, төлөвшүүлж соёлд сургаж  байна.  

-Аливаа улс  орны нийгмийн өндөр хөгжил, соёл зөвхөн бага насанд нь төлөвшүүлсэн эерэг хандлага, харилцаа өөрсдийн сайн хүн болох төлөвлөгөөнөөс эхэлдэг юм байна. Энэ  чадварыг бага наснаас эхлэн тусгай хөтөлбөр, сурах бичгийн дагуу хүүхдэд тасралтгүй эзэмшүүлбэл ирээдүйд олон сайн бие хүн бий болж, эерэг сайн сайхан нийгэм бүтээнэ гэж үзэж байна.

-Сургуулийн 529 хүүхэд “Сайн байна уу?” гэдэг үгийг хаана ч, хэдэн удаа таарсан мэндэлж сурсан нь бахархлыг төрүүлээд зогсохгүй бусдыг хүндэтгэх соёлд бага наснаас нь эхлэн төлөвшүүлэхийг зорьж ажилладаг болохыг илтгэж байв.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас 160 багш, БНСУ-аас 139 багш энэхүү солилцооны хөтөлбөрт хамрагдан, харилцан туршлага судалжээ. Тус хөтөлбөр хоёр улсын ард түмний харилцан ойлголцол нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

 

Холбоотой мэдээ