Сонсголонгийн хуучин гүүрийг шинэчилж замын хөдөлгөөнийг нээлээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-09-20 17:21:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Сонсголын хуучин гүүрийн засварын ажлыг долоодугаар сарын 16-нд эхлүүлэн хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэн, өнөөдөр замын хөдөлгөөнийг нээлээ.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд Сонсголонгийн шинэ гүүрийг хоёр сарын өмнө ашиглалтад оруулсан. Тодруулбал, 289.4 м урт, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй шинэ гүүрийн хөдөлгөөнийг долоодугаар сарын 9-ний өдөр нээж байсан юм. 

Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Сонсголонгийн гүүр нь Нийслэлийн авто замын сүлжээний баруун хэсгийн босоо тэнхлэгийн гол замын сүлжээ болох Сонсголонгийн  5.5 км авто замд байрлаж буйгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын Яармаг дахь дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн бүс, Хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал руу зорчих хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах чухал ач холбогдолтой болж байна. 1971 оноос хойш шинэчлэлт хийгээгүй байсан уг гүүрийн засварын ажлыг 2018 оны тавдугаар сард эхлүүлж, төслийн хоёр эгнээ гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж, өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр хөдөлгөөнийг нээсэн.  Харин хоёр сарын хугацаанд гүүрийн үлдсэн ажлыг бүрэн гүйцэтгэж, дөрвөн эгнээ төмөрбетон хос гүүрийг өнөөдөр ашиглалтад өгч байна. Зам дагаж хөгжил гэдэг. Та бүхний барьсан гүүрэн байгууламж нийслэл хотын маань хөгжлийг урагшлуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Сонсголонгийн төмөрбетон хос гүүр нь 30м алгасалтай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11м өргөн, хоёр эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, гүүрэн байгууламжийн үндэсний анхны компани болох “Гангүүр” ХХК, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар “Гуанжоу Ванан Констракшн Сүпервишн” компаниуд богино хугацаанд гүйцэтгэж дуусгасан байна.

Нээлтэд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад холбогдох албаны төлөөлөл, зам барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн компаниудын удирдлага, ажилчид, иргэд оролцов.

Холбоотой мэдээ