Сайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийг шалгав

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-09-21 12:34:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд болон “Тавантолгой түлш” ХХК-ийнхан Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр ажиллалаа.

Тус дүүрэгт сайжруулсан шахмал түлш нийлүүлэх, дөрвөн бөөний дундын цэг, 130 гаруй жижиглэнгийн цэг ажиллаж байна. Хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй удирдлагууд тус дүүргийн нэгдүгээр хороонд байрлах дундын бөөний цэгийн үйл ажиллагааг шалгаж, борлуулагч нартай уулзав.

Одоогийн байдлаар дундын бөөний нэг цэгт 700 гаруй мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Борлуулагч нар сайжруулсан түлшний борлуулалт сайн байгааг дуулгаад, иргэдээс ямар нэгэн гомдол ирээгүй гэдгийг  хэлсэн юм. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшийг жижиглэнгийн цэгүүдэд тонноор буулгахдаа задгайгаар биш, 25 кг-ын савалгаатай ирүүлж байвал  борлуулагчдын ажил илүү хялбар байх болно гэдгийг учирлалаа. Нийслэлийн удирдлагууд “Тавантолгой түлш” ХХК-ийнхан нэгдүгээр хорооны айлуудаар орж, шахмал түлшний хэрэглээний талаар санал солилцлоо.

Өндөр настан н.Дангаа хэлэхдээ, “Сайжруулсан түлш шаталт сайн, бас илчлэгээ удаан хугацаагаар барьж байна. Түүхий нүүрсийг бодвол асах явцдаа хэсэгхэн утаа гарч байгаад, бүрэн шатаад ирэхээрээ утаагүй болж байна” гэв.

Хотын Захирагчийн зүгээс сайжруулсан шахмал түлшний нөөцийг дундын бөөний цэгүүдэд нэмэгдүүлж ажиллахыг “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагад үүрэг болголоо.


Холбоотой мэдээ