“Алсын солонго” ХХК эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-09-22 14:14:18

Хэнтий /МОНЦАМЭ/ “Алсын солонго” ХХК нь орон нутагтаа анхдагч болж авто замын боржуур, явган хүний замын хашлага, хавтан, дээврийн өнгөт төмөр үйлдвэрлэж байна.

Үйлдвэрлэсэн бетоноо аймгийн ГХБХБГ-ын сорил шинжилгээний лабораторид шинжлүүлэхэд М300 маркийн, стандартад нийцсэн сайн чанарын бүтээгдэхүүн болох нь тогтоогджээ.

Тус үйлдвэрийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга Н.Ганбямба танилцаж, орон нутагт бүтээн байгуулалт хийж байгаа компаниудтай холбох, борлуулалтад дэмжлэг үзүүлэх талаар холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө. Мөн гүйцэтгэгч компанийн шалгуурт “орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ашиглах” гэсэн заалт нэмж оруулах хэрэгтэйг анхаарууллаа.

Одоогоор эдгээр бүтээгдэхүүнээ Хэрлэн суманд хийж байгаа авто замын ажлын гүйцэтгэгч компаниудад нийлүүлж байгаа бөгөөд сумд болон ААН-үүд зам талбай, дээврийн засвартаа түлхүү авч хэрэглэж байна. Учир нь орон нутагтаа үйлдвэрлэж байгаа тул тээврийн хөлс нэмэгдэхгүй, чанартай, харьцангуй хямд үнэтэй тул иргэд ААН-үүд худалдан авах сонирхол өндөр байдаг аж.

Т.Болдбаатар захиралтай “Алсын солонго” ХХК нь байгуулагдаад 19 жил болж байгаа бөгөөд үндсэн 12, гэрээт 10 гаруй ажилтантай. Худалдаа үйлчилгээ, барилга угсралт, тохижилт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гуравдугаар багт байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний замын хашлагыг хийж гүйцэтгэжээ. Мөн орон нутагт зохион байгуулж байгаа тэмцээн уралдааныг ивээн тэтгэх, баг тамирчдад дэмжлэг үзүүлэх, залуу бизнес эрхлэгчийг дэмжих чиглэлээр нэлээд ажлуудыг хийдэг хувийн хэвшлийн шилдэг байгууллагын нэг юм.

Холбоотой мэдээ