Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-10-10 07:56:16

АНКАРА. /TASS/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сирид улсад хил дамнасан шинэ ажиллагаагаа эхлүүлснийг лхагва гарагт мэдэгджээ. Түүний “Twitter” хуудсанд бичсэнээр, уг ажиллагааг “Энх тайвны эх булаг” гэж нэрлэсэн байна.


“Туркийн Зэвсэгт хүчин Сирийн үндэсний армитай хамтран “Энх тайвны эх булаг ” ажиллагааг Курдын ажилчны нам, Курдын өөрийгөө хамгаалах хүчин болон "Лалын улс" террорист байгууллагуудын эсрэг эхлүүллээ” гэж Туркийн удирдагч цохон тэмдэглэжээ.


Эрдоган мөн Туркийн Зэвсэгт хүчний шинэ ажиллагааны зорилго нь “террористууд тус улсын хилийн дагуу байгуулахыг оролдсон хонгилыг устгах, бүс нутгийн байдлыг тогтворжуулж, энх тайван тогтоох юм” гэдгийг мэдэгдэв.


““Энх тайвны эх булаг” ажиллагаа Турк улсад учирч буй террорист аюул заналыг арилгаж, Сирийн дүрвэгсэд буцах аюулгүйн бүс байгуулна. Энэхүү ажиллагаа мөн Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чиглэсэн” гэж Туркийн удирдагч цохон тэмдэглэжээ.


Тэрбээр мөн шинэ ажиллагаа нь “Сирийн ард түмнийг терроризмын дарлалаас аварна” гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


"CNN Turk" сувгаар мэдээлснээр, “Энх тайвны эх булаг” ажиллагаа Туркийн Агаарын цэргийн хүчин Курдын өөрийгөө хамгаалах хүчний байрлалуудад агаарын цохилт өгснөөр эхэлсэн байна. Уг ажиллагаанд цаашид их бууны анги нэгтгэл нэгдэнэ гэж “Reuters” агентлаг Туркийн Зэвсэгт хүчин дэх эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан мэдээлжээ.


Турк улс Сирийн нутаг дэвсгэрт өмнө нь хоёр ч ажиллагаа явуулсан бөгөөд хил орчмын Аазаз, Жараблус хотуудын хооронд аюулгүйн бүс байгуулснаас гадна, Африн хотыг эзлэн авсан юм.


Холбоотой мэдээ