Мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд барилгын компаниудтай түншилнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-10-11 17:58:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг үр ашигтайгаар хамтран хэрэгжүүлэх зорилготой “Барилгын салбар дахь стратегийн түншлэл” төслийн нээлт “Блью Скай” төвд боллоо.

Дэд бүтцийн салбарт эрчим хүчний үр ашиг гаргахаас гадна хамгийн гол нь Монгол Улсын барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын чанарыг сайжруулахад төслийн бас нэг зорилго оршиж буйг БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар онцолж байв.

Мөн Монголд эрчим хүчний технологийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд чиглэж, мэргэжилтэй ажилтан боловсон хүчин бэлтгэхэд Герман улсын дадлагад суурилсан туршлагыг хуваалцах гэж буйг нээлтэд оролцсон ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг нэмж онцлон хэлж байв.


“Барилгын салбар дахь стратегийн түншлэл” төсөл гурван чиглэлээр энэ оноос эхэлж 2022 он хүртэл хэрэгжинэ. Энэ талаар бид ХНХЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдоржоос тодруулахад, “Энд Герман улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс гурван төсөл хэрэгжүүлж байгаа”-г онцлоод “Нэгд, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхэд өндөр мэргэжил, мэдлэг, ур чадвартай багш нар байх шаардлагатай гэдэг үүднээс багшийн хөгжлийг тасралтгүй хангахад анхаарна.

Хоёрт, мэргэжилтэй ажилчдын нэгдсэн мэдээллийн систем байгуулна. Энэ үүднээс “Тогтвортой барилга угсралтын чадамжийн төв”-ийг нээж байна. Эцэст нь, нийслэл Улаанбаатар хотод баригдаж буй гэр хорооллын дэд төвүүдэд амьдарч буй ажилгүй болон мэргэжил эзэмшээгүй, ажлын ур чадваргүй иргэдийн ур чадварын хэрэгцээг тодорхойлж тэдэнд богино хугацааны сургалт явуулан, дараа нь бичиг баримтжуулан ажлын байранд гаргах “Ур чадварыг хөгжүүлэх төсөл” орж байна” гэв.

Өнөөдрийн эхэлж буй олон талт төслийг түншлэлийн шинэ хэлбэр хэмээн тодорхойлж буйг тодруулбал, тэрээр, “Манай улсад мэргэжлийн боловсролын сургалтыг МСҮТ-үүд дангаараа бэлтгээд явна гэдэг учир дутагдалтай. Тиймээс ААН, компаниудын хэрэгцээн дээр тулгуурлан, тэдний шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа тул энд ажил олгогчдыг өөрсдийг нь оролцуулж буйгаар түншлэлийн шинэ хэлбэр болж буй”-г онцолж байлаа.




“Барилгын салбар дахь стратегийн түншлэл” төслийн зохицуулагчаар БХБЯ, ХНХЯ ажиллаж байгаа бол хувийн хэвшлийн төлөөлөл болж ХБНГУ-ын хоёр, Монгол Улсын зургаа, нийт 8 компани, ААН өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дэмжин оролцож байна. Тодруулбал, Германы “Папенбург Машинебау”, “Хаас Фэртихьбау”, манай улсын “Монгол Базальт”, “Эрэл групп”, “Норбру”, “Пирамид индастру”, “Шилэн хийц”, “Улаанбаатар БҮК” оролцож, Герман улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл дэмжин ажиллаж байна.





Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ