Бүх нийтээр мод тарих өдөр тохиож байна

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-12 11:41:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих намрын өдрийг энэ сарын 12, 13-нд тэмдэглэж байна. Энэ хүрээнд нийслэлээс нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, ногоон байгууламжаа арчлах, цэнэг усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаа юм.

Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өмнө нь мод тарьсан иргэд, байгууллагууд тарьсан модоо арчлах боломжтой. Түүнчлэн Нийслэлийн Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар хамтран Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс дэх 100 га талбайд ойжуулалт, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Их Баян дахь ойн сан бүхий газар, Дээндийн амны ойн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах юм.         

Харин маргааш буюу 13-нд Монголын Уулчдын үндэсний холбоо, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран “Нэг уулчин – нэг уут хог” арга хэмжээг Богдхан ууланд зохион байгуулах аж. 

Намрын мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац-2019” үзэсгэлэн худалдааг БОАЖЯ, Ойн судалгаа хөгжлийн төвөөс Барилгачдын талбайд энэ сарын 18-ныг дуустал зохион байгуулна.  


Холбоотой мэдээ