Цагаандэлгэр сумын цэцэрлэгт хүрээлэнд 600 мод суулгалаа

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-10-14 13:47:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай  "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-өөр Дундговь аймгийн БОАЖГ, Сум дундын ойн анги, Цагаандэлгэр сумын иргэдтэй хамтран тус сумын цэцэрлэгт хүрээлэнд 600 ширхэг мод суулгах ажлыг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос хойш жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Ингэснээр иргэдийг байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, нийтээрээ мод тарих үйлсэд уриалан дуудаж, тэдний оролцоог хангаж, хамтран ажиллахад чухал нөлөө үзүүлж байгаагийн нэг жишээ нь энэ юм.  

Тус өдрийг угтаад аравдугаар сарын 11-ний өдөр Цагаандэлгэр сумынхан мэргэжлийн байгууллагын ажилтнуудын зөвлөгөө, тусламжтайгаар цэцэрлэгт хүрээлэндээ хайлаас, улиас, шар хуайс гээд 600 ширхэг мод ийнхүү тарьсан ажээ.

Мөн БОАЖГ-аас сумын иргэдэд "Хоггүй цэвэрхэн Монгол" аяны зорилго, үйл ажиллагаа, ач холбогдлыг танилцуулж, сумын албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд "Нэг удаагийн уутны хэрэглээнээс татгалзья" уриан дор нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн, зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ