Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний ар гэрийнхэнд зориулсан нээлттэй өдөрлөг боллоо

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-14 18:31:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүчирхийлэлд өртсөний улмаас сэтгэцийн эрүүл мэндэд нь өөрчлөлт  орж, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасагт хандах тохиолдол сүүлийн үед нэмэгдэх хандалгатай болжээ. Тиймээс ХБИ-ийн ар гэрийнхэнд тэдний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, хүчирхийлэлд өртөхөөс  сэргийлэх, асран хамгаалагч нарын хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор төрийн болон ТББ-ууд хамтран нээлттэй өдөрлөг, уулзалт ярилцлагыг хийлээ.

Уг ажлыг  аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, ХЭҮК-ийн Сүхбаатар аймаг дахь мэргэжилтэн,  Баруун-Урт сумын ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл  /ГХУСАЗЗ/ зэрэг төрийн байгуулагууд  зарим хувийн  хэвшил, ТББ-тай хамтран хийсэн юм.

Сүхбаатар аймгийн хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндээс шалтгаалан хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдолд хүн амынхаа тооноос шалтгаалан улсын дунджаас дээгүүр байдаг. Үүнээс оюуны хомсдол ихэнх хувийг эзэлдэг. Мөн сүүлийн үед сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн ихээр хандах болсон. Энэ нь нийгэм хөгжихийн хирээр стрессээс үүдэлтэй сэтгэцийн эмгэг ихсэж байна гэсэн үг. Уур бухимдал, нойргүйдэл, сэтгэл түгшил, архаг ядаргаа, гэмтлийн дараа сэтгэцийн эмгэг сарних тохиолдол элбэг болсон. Сүүлийн таван жилийн судалгаагаар сэтгэцийн тасагт хэвтсэн хүмүүсийн 30-40 хувь нь архины хамааралтай байсан. Тэдний хувьд бүгд архинаас гаръя гэсэн чин хүсэл эрмэлзэлтэйгээр ирж байгаа нь ололттой. Харин хүүхдүүдийн тухайд гар утасны хэрэглээг хэтрүүлсэнээс болж сэтгэцийн эмгэгт өөрчлөлт орох тохиолдол жилд нэгээс хоёр тогтмол бүртгэгдэн эмчлүүлж байгаа. Яг донтсон гэх дүгнэлттэй хүүхэд одоогоор байхгүй гэх мэдээллийг АНЭ-ийн сэтгэц, наркологийн тасгийн эрхлэгч  А.Адъяасүрэн хэллээ.

Аймгийн ХХҮГ-аас 2019 онд ХБИ-ийн ажлын байрыг дэмжих чиглэлээр 11 иргэнд 40 сая төгрөгийн дэмжлэг, 300 гаруй ХБИ-д 48 сая төгрөгийн хөнгөлөлт дэмжлэг үзүүлжээ. Мөн 16 иргэнийг аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулсан байна.

Цаашид аймгийн ХХҮГ ХБИ-ийн холбоо, салбар зөвлөлүүдтэй хамтран ажиллах төлөвлөгөө батлуулан ажлаа эхлүүлээд байна. Төлөвлөгөө болгонд тусгай санал тусгагдсан гэдгээрээ онцлог. Үүнээс гадна ХБИ-дэд зориулсан сэргээн засах үйлчилгээ, өдрийн үйлчилгээ, сургалт мэдээллийн ажлуудыг ТББ-уудтай хамтран  явуулын  хэлбэрээр хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна гэх мэдээллийг аймгийн ХХҮГ-ын хэлтсийн дарга М.Алтаннавч өглөө.

Тус аймгийн хэмжээнд  хөгжлийн бэрхшээлтэй 2600 гаруй иргэн  бий.

 

 

Холбоотой мэдээ