“Харж баясахын өдөрлөг”-ийг зохион байгууллаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-10-14 18:02:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-оос Өвөрхангай аймаг дахь салбар холбоотой хамтран “Харж баясахын өдөрлөг”-ийг зохион байгууллаа. 

Өдөрлөгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, МХҮХ-ны үйл ажиллагааны талаар мэдээлж, хараа сайжруулах заавар зөвлөгөө, бариа заслын үнэ төлбөргүй үйлчилгээг хүргэлээ. Энэ үеэр МХҮХ-ны ерөнхийлөгч Д.Гэрэл Арвайхээр дэх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзалт хийж, харааны бэрхшээлтэй хүүхдүүд сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадаж байгаа эсэх болон ямар бэрхшээл тулгамдаж байгааг тодруулсан юм.

МХҮХ нь 1978 онд “Монголын хараагүй, дүлий иргэдийн нийгэмлэг” нэртэйгээр анх байгуулагдаж байсан бөгөөд 40 жилийн туршлага бий учраас харааны ямар нэгэн асуудалд зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой гэдгийг Д.Гэрэл хэлж байлаа. Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэхээр Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд тусгай анги нээж, тусгай 11 дүгээр цэцэрлэгийг байгуулан үйл ажиллагаа явуулж байна.

Өвөрхангай аймагт хөгжлийн бэрхшээлтэй таван мянга орчим иргэн байгаагаас 300 гаруй нь харааны бэрхшээлтэй аж.

 

Холбоотой мэдээ