Эрүүл ахуйн шаардлага хангасан мах зах зээлд нийлүүлэхийг үүрэг болгов

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-14 17:50:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын баг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд,  Баян-Өлгий аймгийн 15 махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр эрүүл ахуйн шаардлага хангасан мах зах зээлд нийлүүлэхэд онцгой анхаарч, гарал үүслийн бичиг баримт, малыг тээвэрлэж тууварлах журмыг баримтлан ажиллахыг ААН-үүдэд үүрэг болгожээ.  


Шалгалтад Өвөрхангай аймгийн “Дэлхийн хүнс ХХК, “Өв эко мийт” ХХК, “Дээжийн өргөө” ХХК, Баянхонгор аймгийн “Мах март” ХХК , Говь-Алтай аймгийн  “Алтайн сүрлэг нуруу” ХХК, “Хүрийн овоо” ХХК, “Натур наяд” ХХК  мал нядалгааны цех,  Ховд аймгийн "Жаргалант Шанд" ХХК, "Баруун Монгол интернейшнл" ХХК, "ИОВ" ХХК, Баян-Өлгийн аймгийн “Угур” ХХК, “Нөхөд” ХХК,  “Азат” ХХК, “Зэргэр” ХХК, “Жайдарман” зэрэг мах нядалгааны цех, үйлдвэр хамрагдсан байна.


2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын баг орон нутагт ажиллах үеэрээ өвс тэжээлийн бэлтгэл, отор нүүдлийг бүс нутагт хийх, мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем нэвтрүүлэх, нийслэлийн иргэдийн хэрэгцээнд сум бүр 1000 гулууз мах бэлтгэн нийлүүлэх, үлийн цагаан оготнын тархалттай тэмцэх, усан хангамжийн сайжруулах зэрэг олон асуудлыг хөнджээ.


Холбоотой мэдээ