Сайншанд суманд 320 хүүхдийн багтаамжтай бага сургууль ашиглалтад оров

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-10-14 18:39:06

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын дөрөвдүгээр багт 320 хүүхдийн суудалтай бага сургууль ашиглалтад орлоо. Сайншанд сумын  ерөнхий боловсролын  III сургуулийн харьяа дээрх сургууль анги дүүргэлт дунджаар 30 сурагчтай хичээллэх аж.

Бага сургууль ашиглалтад орсноор гуравдугаар сургуулийн ачаалал багасч дөрөв, долдугаар багийн 450 хүүхэд, бага ангийн 15 бүлэгт хоёр ээлжээр суралцана. Барилгыг улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өгөөмөрөн шанд” ХХК барьж гүйцэтгэжээ.

Нээлтийн ёслол 10 дугаар сарын 08-нд болж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин,  аймгийн ИТХ-д IV, VII  багаас сонгогдсон төлөөлөгч Ж.Болор-Эрдэнэ, С.Алтанбаатар, Д.Тулга,  багш сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцов.

Шинэ сургууль нэг захирал, нэг сургалтын менежер, бага ангийн багш 15, биеийн тамирын багш хоёр, англи хэлний багш хоёр, хөгжмийн багш хоёр, нягтлан бодогч нэг, номын санч нэг, эмч нэг, нярав нэг, үйлчлэгч дөрөв,  жижүүр гурав, нийт 34 орон тоотой үйл ажиллагаа явуулна.



Холбоотой мэдээ