Чулуун нүүрс, алтны экспорт нэмэгджээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-15 09:49:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний есөн сарын байдлаар, дэлхийн 145 улстай худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 9.5 хувиар өссөн байна. Үүнээс экспорт 5.9 тэрбум ам.доллар, импорт 4.6 тэрбум ам.долларт хүрч нэмэгджээ.


Экспорт өмнөх оны мөн үеэс 663 сая ам.доллароор нэмэгдэхэд чулуун нүүрсний экспорт 312 сая ам.доллар, алтны экспорт 199 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.


Харин импорт өмнөх оны мөн үеэс 247 сая ам.доллароор нэмэгдэхэд эрдэс бүтээгдэхүүний импорт 40 сая ам.доллар, дизель түлш 93 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 179 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Нийт экспортын 95 гаруй хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт эзэлж байгаа юм. Харин импортын 68 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.


Холбоотой мэдээ