"Талын түмэн адуу" наадам ирэх сарын эхээр болно

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-16 14:46:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Морьтон Монголын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах "Талын түмэн адуу" наадам Хэнтий аймагт 11 дүгээр сарын 1-3-нд болно. 

БОАЖЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ, Батноров сум болон  “Мөнх харилцаа” ТББ хамтран энэхүү адууны  наадам зохиож байна. Улс, аймгийн аварга адуучин, адуу сонирхогч залуус 2000 адуун сүргээ сойжээ.  ӨМӨЗО-оос 10 гаруй адуучин ирэх юм байна. Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров сум санаачлан 2015 оноос тус наадмыг зохион байгуулж байна.

Хэнтий аймагт дэлхийн хэмжээний түүхэн газар нутаг олон байдаг учир Батноров суманд "Андлалын өргөө" цогцолбор, Норовлин суманд "Шихихутагийн цогцолбор", Дадал суманд "Тэнгэрийн хаалга" цогцолбор, Биндэр суманд "Их хуралдай" цогцолборыг  Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын  байгууллагын санхүүжилтээр  бүтээн байгуулж эхлээд  байна. 

“Талын түмэн адуу” наадмаар "Сүлдэнд мөнхөрсөн хүлэг"  адууны  дуу дуулаачдын тэмцээн, шилмэл гүү, адууны зүс нэршлийн танилцуулга, хос морьд, ховор зүсний адуу шалгаруулна. Мөн "Уран уургач", "Эмнэг булгиулагч"  тэмцээн болно. Батноров, Дарьганга, Сэврэй хийцийн морины хэрэглэлийн нэгдсэн  үзэсгэлэн худалдаатай. "Адууны хийморь" гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн гэрэл зурагчид, олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татдаг болсон. Морьтны парад, тал нутгийн тайган нохойн уралдааныг жуулчид үзэх дуртай аж.

Холбоотой мэдээ