АНЭУ-ын тусламжаар гурван цэцэрлэг барьж эхлэв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-16 08:30:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын тусламжаар нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг, Хэнтий, Дорноговь аймагт тус бүр 100 хүүхдийн цэцэрлэг барьж эхэллээ. Цэцэрлэгүүдийг 2020 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Монгол Улс, АНЭУ-ын хооронд 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр орны худалдааны эргэлт 3.8 сая ам.долларт хүрчээ. АНЭУ 2011 оноос хойш манай улсад 15.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд сүүлийн жилүүдэд эдгээр үзүүлэлтүүд нэмэгдэх хандлагатай байна.


АНЭУ нь Тайширын Усан цахилгаан станцыг байгуулахад зориулж 13 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож байсан. Түүнчлэн тус улсын Засгийн газраас байгаль орчны бохирдолтой тэмцэх болон махчин шувуудыг хамгаалах, тэднийг өндөр хүчдэлд цохиулж олноороо хорогдохоос урьдчилан сэргийлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд тус бүр нэг сая ам.доллар, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмж, Улаанбаатар хотын зарим сургуульд компьютер, ус цэвэршүүлэх төхөөрөмж нийлүүлэх, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн Хүүхдийн уншлагын танхимыг тохижуулах зэрэгт нийт 350 гаруй мянган ам.долларын тусламж үзүүлжээ.  


АНЭУ нь 2016 онд Улаанбаатар хотноо ЭСЯ-аа нээсэн. Харин АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо Монгол Улсын ЭСЯ нээх шийдвэрийг УИХ-ын 2019 оны 10 дугаар сарын 11-ний тогтоолоор баталсан юм.



Холбоотой мэдээ