Хүн амын 100 жилийн өсөлт

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-10-17 14:26:02

Монгол улс 2018 онд гурван сая 238 мянга 479 хүн амтай болсон гэж Үндэсний статисткийн хороо (ҮСХ)-ны мэдээллийн санд бүртгэсэн байна. Нийт хүн амын 30,64 хувь буюу  сая хоёр мянга 52 нь 0-14 насны хүүхэд, 62,4 хувь буюу хоёр сая 20 мянга 696 нь 15-59 насныхан. Харин 6,66 хувь буюу 215 мянга 731 нь 60-ээс дээш насныхан хэмээн мэдээлэгджээ. Хүйсийн хувьд эрэгтэй сая 591 мянга 848, эмэгтэй сая 646 мянга 631 байна.


Хүн амын анхны албан ёсны тооллого энэ тоон мэдээ гарахаас яг зуун жилийн өмнө буюу 1918 онд болсон байх юм. Монгол улсын хүн ам тэр үед 647 мянга 500 гэж түүхэнд тэмдэглэгджээ. Тухайн үеийн хүн амын тооллогын тайланд 542  мянга 500 монгол, 100 мянган хятад, 5000 орос байсан гэжээ. Энэхүү тооллогыг үндэслэн хожмын судлаачид янз бүрийн тоо гаргаж ирсэн байх юм. Тухайлбал, түүхч О.Пүрэв 1918 онд хүн амын 88 хувийг тоолсон. Тэнд тоологдоогүй 65 мянга 100 хүн үлдсэн гэж үзжээ. Түүн дээр түшиглэн судлаач Ж.Урангуа 1918 онд 610 мянга 800 монгол дээр 105 гадаад (орос, хятад)-ын иргэдийг тооцвол, тухайн үед Монгол Улс 715 мянга 800 хүн амтай байсан гэх тооцоолол хийжээ.


Ер нь 20 дугаар зууны эхэн үед манай улсын хөгжил буурай, тухайн үед хүн амын өсөлт маш бага (нэг хувь) байсан гэж үздэг аж. Хорьдугаар зууны эхний хагас (1922- 1950 он)-т  хүн амын бага өсөлт хэвээр хадгалагдсан гэнэ. Хүн амын өсөлт нэмэгдэхгүй урт хугацаанд үргэлжилсэн нь нийгмийн бүх давхаргыг хамруулсан хэлмэгдүүлэлт, Халх голын дайн зэргээс шалтгаалсан гэж зарим судлаач тайлбарлажээ. Түүнээс гадна бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн тогтолцоо байгаагүйтэй холбон дүгнэлт өгсөн байдаг юм байна. Энэ  бүхэн үнэн биз.


Гэхдээ 1956-1989 онд хүн амын өсөлт эрчимжиж гурван хувьд хүрчээ. Монгол улсын хүн ам 1962 онд  сая, 1988 онд хоёр сая болсон онцлогтой. Хүн амын өсөлт хамгийн оргилдоо хүрсэн гэж 20 дугаар зууны хоёрдугаар хагасыг судлаачид нэрлэсэн байна. Улсын хүн амын цаашид өсөх инерци хуримтлагджээ. Улс орон даяар нийгмийн хамгаалал, тэр дундаа эрүүлийг хамгаалах салбар хурдтай хөгжсөн. Улмаар иргэдийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтворжин хүн амын эрүүл мэндийг сайжруулсан. Хүний эрүүл мэнд сайжирснаар нас баралт буурсан нь хүн ам өсөхөд хүчтэй нөлөөлөл үзүүлсэн бололтой. Иргэдийн эрүүл мэнд сайжрахтай зэрэгцээд, төрөөс хүн амыг өсгөх тогтвортой бодлого явуулсан гэнэ. Ээжүүдэд төрүүлсэн (дөрөв ба түүнээс дээш) хүүхдийнх нь тоогоор мөнгө олгох болсон юм байна. Хүүхдийн тоо нэмэгдэхэд төрөөс олгох мөнгөн дүн нэмэгдэж байжээ. Энэ нь хүн амыг эрчимтэй өсөхөд эерэг нөлөө үзүүлсэн ажээ.


Манай улс, улс төр, нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоон (зах зээлийн эдийн засаг)-д шилжсэн 1990-ээд оноос хойш хүн амын өсөлт эргээд буурчээ. Хүн амын 2000 оны тооллогоор жилийн дундаж өсөлт хамгийн бага буюу 1.4 хувь болсон гэнэ. Харин 2004 оноос хүүхдийн мөнгө олгох (сар бүр) болсноор сүүлийн  жилүүд хүн амын өсөлт тогтмол нэмэгдэх болжээ.


Хоёр  оны (2018, 2019)  хүн амын өсөлтийг хооронд нь  харьцуулсан судалгааг ҮСХ энэ сарын 14-нд  танилцууллаа. Улсын хэмжээнд 2019 оны эхний есөн сард 58 081 эх амаржжээ. Амаржсан эхийн тоо 2018 оны эхний есөн сарынхаас 488 өссөн байна. Мөн 2019 оны эхний есөн сард 58 525 хүүхэд төрсөн байна. Жилээс жилд төрөх ээжүүдийн тоо, мэндлэх үрсийн  нэмэгдэж байгаа нь Монголын хүн ам өсөхийн шинж тэмдэг буйзаа.


Энд онцлон хэлэхэд, сүүлийн зуун жил (1918 онд 647 мянга 500)-д гурван сая 238 мянга 479 болж хоёр сая 400 мянга  (2018 он) орчмоор хүн ам өсөж, улс орон дэвжин дээшилжээ. Монголын үрс маш олон болтугай гэж Их Нацагдорж хорьдугаар зуунд хэлсэн билээ. Монголын үрс ирэх зуун жилд бүр олон болтугай.

Холбоотой мэдээ