Аймгийн хэмжээнд 12058 ширхэг мод, бут сөөг тарьжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-10-16 17:39:07

Архангай /МОНЦАМЭ/. “Мод тарих аян”-ыг аймгийн БОАЖГ-аас Сум дундын ойн анги, сумдын ЗДТГ-тай хамтран 10 дугаар сарын 01-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.  

Энэ хугацаанд БОАЖГ, Сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллагууд хамтран улиас, гацуур, шинэс, агч, голт бор, хайлаас, шар хуайс, чацаргана, үхрийн нүд, бургас, өрөл, хус, долоогоно зэрэг 20 шахам нэр төрлийн мод, бут сөөгийг иргэд аж ахуйн нэгж, байгууллагад худалдаалж 2000 орчим иргэнд мод тарих аргачлалын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Энэ намрын мод тарих аяны хүрээнд нийт 12058 ширхэг мод, бут сөөгийг тарьсан байна. Үүнээс 5509 ширхэг мод, 6549 ширхэг бут сөөгийг 106 аж ахуйн нэгж, байгууллагын 1805 иргэд тарьж усалгаа, хамгаалалтын ажлыг хийжээ. 

Мөн аймгийн БОАЖГ, сумдын ЗДТГ-аас БОАЖЯ, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвтэй хамтран “Хандлагаа өөрчлье” багц ажлын хүрээнд зохион байгуулж буй "Ногоон паспорт-ногоон төгөл” аяны хүрээнд Эрдэнэмандал суманд “Хануйн шугуй” бичил цэцэрлэгт хүрээлэн, Батцэнгэл суманд “Тамирын шугуй” ойн зурвас, Эрдэнэбулган сумын Булган уулын хамгаалалттай талбайд ММНБИ-ийн Архангай салбарын санаачилгаар бүртгэл санхүүгийн ажилтнуудын нэрэмжит ойн төглийг нийт 15 га талбайд байгуулж, олон нэр төрлийн мод, бут сөөгийг тарьж, хашаа хамгаалалттай болгосон байна.

Энэ онд аймгийн хэмжээнд хавар, намрын мод тарих аяны хүрээнд нийт 35494 ширхэг мод, бут сөөг тарьж усалгаа, арчилгааг хийсний үр дүнд төв суурин газрын ногоон байгууламж, бичил цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгт гудамж, ойн зурвасын талбайн хэмжээг 25 га талбайгаар нэмэгдүүлж, усалгаа арчилгаа, хашаа хамгаалалт, тарьц, суулгацын худалдан авалт, хөрс боловсруулалтын ажилд нийт 225 526 000 төгрөгийг зарцуулжээ.

Холбоотой мэдээ