Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын байр ашиглалтад орлоо

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-17 14:56:44

Хэнтий /МОНЦАМЭ/ 2017 онд сууриа тавьсан Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусч энэ сарын 16-нд нээлтээ хийлээ. 


Нээлтэд Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн яамны санхүүгийн хэлтсийн дарга н.Цэвэлмаа, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Ц.Чогсомжав болон бусад албаны хүмүүс оролцлоо. 


Хэнтий аймгийн хэмжээнд ес дэх бүтээн байгуулалт болж буй цагдаагийн газрын шинэ барилгыг хоёр тэрбум 40,0 сая төгрөгийн төсөвт өртгөөр "Хар Чонот" ХХК барьж гүйцэтгэсэн байна. Уг барилга нь зоорийн давхартайгаа дөрвөн давхар бөгөөд тоноглосон таван өрөөтэй, 100 хүний багтаамжтай хурлын заал, зургаан машины гарааш, албан тасалгааны зориулалттай 37 өрөө бүхий цагдаагийн байгууллагын төрөл, албадын үйл ажиллагааг бүхэлд нь багтаасан 2272м2 талбай бүхий байгууламж юм. 


Тус албанд Цагдаагийн Ерөнхий газраас 80,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж шаардлагатай техник, тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг худалдан авч байршуулаад байна. Хуучин байранд хэрэглэгдэж байсан зарим ширээ сандал, комьпютер техник хэрэгслийг дөрвөн сумын цагдаагийн хэлтэст болон сумдын хэсгийн төлөөлөгч нарт хуваарилжээ. Харин хуучин барилгыг цаашид цэцэрлэгийн зориулалтаар ашиглах талаар ажлын хэсэг байгуулж судалгааны ажлыг явуулж эхлээд байна. 


Холбоотой мэдээ