“Зөв дадал”-ын сургалтад 7000 иргэн хамрагдаад байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-10-16 17:12:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ы хүрээнд залуучуудад зориулсан сургалт нийслэлийн Иргэний танхимд өнөөдөр боллоо. Сургалтад Р.Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын коллежийн 300 оюутан хамрагдаж, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд залуучуудын оролцоог ханган ажиллав.

“Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Эерэг тэмүүлэл ТББ-тай хамтран 3 дахь жилдээ өрнүүлж байна.  


“Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян нь төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудад үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, тэднийг эерэг хандлага, амьдралын зөв дадал хэвшилд уриалах, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, харилцааны соёлтой иргэд болгон төлөвшүүлэх зорилготой юм. Аяны хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, их дээд сургуулиуд, МСҮТ, Асрамж халамжийн төвд байгаа өсвөр насны хүүхдүүдэд хуваарийн дагуу эерэг хандлагын сургалт зохион байгуулж байна.


Аяны хүрээнд одоогийн байдлаар, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, СЭМҮТ, Жигүүр гранд”, Таван толгой түлш ХХК-ийн албан хаагчид, Нархан сургуулийн сурагчид нийт 7000 гаруй иргэд зөв дадлын сургалтад хамрагдаад байна. Мөн залуучуудаа идэвхтэй оролцохыг уриалж, нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран 10 зөв дадлын сурталчилгааг нийтийн тээврийн 100 автобусанд байршуулан ажиллаж байгаа талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. 



Холбоотой мэдээ