Монгол үндэсний дархлаа язгуур өв соёлыг өвлүүлнэ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-10-21 16:48:44

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Музейгээс “Соёлын биет бус өвөө хайрлан хамгаалцгаая” уриан дор соёлын биет бус өвийн 5 ай савын хүрээнд гурван төрөлт тэмцээнийг Эрдэнэбулган сумын I, II, III, IV, V сургуулиудтай хамтран 8-9-р ангийн сурагчдын дунд зохион байгуулж эхэллээ.

Энэ нь соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, БСШУСЯ-наас 2019-2020 оны хичээлийн жилийг "Иргэний ёс зүйн боловсролын жил" болгон зарласантай холбогдуулан Монгол үндэсний дархлаа болсон язгуур өв соёл, ардын ёс заншлаа дээдэлж, амьдрал ахуйдаа хэвшүүлэн, өвлүүлэн үлдээдэг, үндэсний ухамсар бахархалтай иргэн болж төлөвшүүлэх зорилготойгоор явуулсан байна.

Эхний тэмцээнд 2-р сургуулийн 8-9-р ангийн 8 багийн 72 сурагч “Монгол ардын эх хэл, аман уламжлал, илэрхийллүүдийн төрөл зүйл ангилал”-аар мэндчилгээ, “Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам” ай савын "Аж ахуйн уламжлалт зан үйл” ийн жүжигчилсэн тоглолт, Монголын уламжлалт тааварт тоглоом гэсэн 3 үе шатад оролцож дүнгээ гаргасан байна. Нэгдүгээр байрт 8г ангийн "Урианхай" баг шалгарч тэмцээний эцсийн шалгаруулалтад оролцох эрх, хоёрдугаар байрт 8в ангийн "Дарьганга Унага" баг, гуравдугаар байрт 8б ангийн "Монгол ухаан" баг тус тус оржээ.

Холбоотой мэдээ