Ширээ нуруу хүртэлх 1.7 км хатуу хучилттай авто замын ажлыг хүлээж авав

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-10-17 10:28:28

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хараа голын гүүрнээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Ширээ нуруу хүртэлх 1.7 км хатуу хучилттай авто замын ажлыг хүлээн авлаа. Гүйцэтгэгчээр “Дархан АЗЗА” ТӨХК ажилласан бөгөөд 09 дугаар сарын 06-ны өдөр эхлүүлж энэ өдөр хүлээлгэн өгч байна.

Сайхан сумын нутаг Ширээ нуруу нь Дархан сумын 1,2,3 дугаар багтай Хараа голоор хиллэдэг. Тус газарт зөвхөн Дарханы иргэд тэр дундаа Дархан сумын 2 дугаар багийн 800 өрхийн 3000 орчим иргэн амьдардаг. Хатуу хучилттай авто зам барихаас өмнө машин техник явахад замын хувьд хүндрэлтэй, шороон зам байсныг иргэдийн хүсэлтийн дагуу ийнхүү улсын төсөвт суулгасанаар биелэлээ олж байна.

Хатуу хучилттай автозамтай болсноор сурагчдын автобус, иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээвэр /автобус/ явах бүрэн боломжтой болжээ. Ингэснээр цаг хэмнэсэн, аюулгүй, гэрэлтүүлэгтэй замаар өдөр оройн аль ч үед саадгүй түргэн шуурхай нийтийн тээвэр үйлчлэх болсонд оршин суугчид талархалтай хандаж байна.

Замын ажлын нээлтэд аймгийн Засаг дарга С.Насанбат болон аймгийн удирдлагууд, гүйцэтгэгч “Дархан АЗЗА” ТӨХК-ийнхан, Дархан сумын 2 дугаар багийн Засаг дарга, тус багийн иргэдийн төлөөлөл оролцов.

Холбоотой мэдээ